Дэд сайд нар ийм үүрэгтэй

 

С.ЭРДЭНЭСАНАА

УИХ-аар 2017 оны төсвийн тодотголыг баталлаа. Энэ удаагийн төсвийн тодотгол ихээхэн онцлогтой. Монгол Улс ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж, эрхэм гишүүд хаанаас ямар хэмжээний төсөв танаж хэмнэлт гаргах вэ гэдэг дээр нэлээд “нухацтай” ярилцсан.

Энэ үеэр хамгийн ихээр ад үзэгдсэн, хэмнэлтийн нэн тэргүүнд бичигдэх ёстой гэж сөрөг хүчнийхний үзэж байсан дэд сайд нарын асуудлыг хөндөлгүй орхисон юм.

Мэргэжлийн Засгийн газар 13 дэд сайдтай. Тэд жилд 10 гаруй тэрбум төгрөгийн төсөвтэй юм байна. Энэ мөнгөөр 78 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө өгч болох байсан гэж байгаа. Дэд сайд хэрэгтэй, хэрэггүй гэж маргах яахав. Харин дэд сайд чухам ямар үүрэгтэй ажилладаг, юу хийдэг хүмүүс вэ. Хуульд хэрхэн заасан байдгийг сонирхуулъя.

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж буй Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-т “Монгол Улсын яамыг Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд тэргүүлнэ. Сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяа яам, агентлагийн үйл ажиллагааг сайдын өмнө хариуцах үүрэг бүхий дэд сайд байна” гэж заасан ганц “өгүүлбэр” л байна. Харин  хуульд дэд сайдтай холбоотой хэсгийг доорх байдлаар хүчингүй болгосныг сэргээгээгүй байна. Ямар нэг засваргүйгээр Засгийн газрын тухай хуулиас хуулбарлан үзүүлье.

“….5.Сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяа яам, агентлагийн үйл ажиллагааг сайдын өмнө хариуцах үүрэг бүхий дэд сайд байна.

/Энэ хэсэгт 2004 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Дэд сайдыг асуудал хариуцсан сайдын саналыг үндэслэн Ерөнхий сайд санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлнө.

/Энэ өгүүлбэрийг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ өгүүлбэрт 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2012 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Монгол Улсын сайдын түр эзгүйд түүний үүргийг дэд сайд гүйцэтгэнэ.

/Энэ хэсгийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

181 дүгээр зүйл.Дэд сайдын бүрэн эрх

1.Дэд сайд сайдын эрхлэх асуудлын хүрээнд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1//Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

2/сайдаас олгосон бүрэн эрхийн хүрээнд харьяа агентлаг, байгууллагатай харилцах, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3/хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн шуурхай зохицуулалтыг хангуулах;

4/сайдын даалгаснаар Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргатай харилцах;

5/Улсын Их Хурал, түүний Байнгын хороо, Ерөнхийлөгч, Засгийн газар, Ерөнхий сайдаас байгуулах хороо, комисс, зөвлөл, ажлын хэсэгт сайдын түр эзгүйд түүний даалгаснаар сайдыг төлөөлөх;

6/хуульд заасан бусад бүрэн эрх.

2.Сайдын түр эзгүйд түүнийг орлож байх хугацаанд гаргасан шийдвэрээ сайдад танилцуулах бөгөөд уг шийдвэрийнхээ хууль зүйн үр дагаврыг өөрөө хариуцна.

3.Дэд сайдын бүрэн эрхийн хугацаа нь Засгийн газрын бүрэн эрхийн хугацаатай адил байна.

4.Дэд сайдын бүрэн эрхийн хугацаа нь түүнийг Засгийн газар томилсноор эхэлж, тухайн дэд сайдыг шинээр томилсноор дуусгавар болно.

5.Дэд сайд хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөгчсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно.

6.Дэд сайдыг орон гарсан тохиолдолд Засгийн газар 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно. Нөхөн томилогдсон дэд сайдын бүрэн эрхийн хугацаа тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна.

7.Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцорсон, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон нь албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн дэд сайдыг уг албан тушаалд дахин томилоход саад болохгүй.

8.Сайд хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөгчсөн нь албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн дэд сайдыг албан тушаалаас нь чөлөөлөх үндэслэл болохгүй.

9.Биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдолд албан тушаалаас чөлөөлж өгөх тухай хүсэлтээ дэд сайд Ерөнхий сайдад өргөн мэдүүлж болно.

10.Дэд сайд бодлогын асуудлаар сайдтай санал зөрснөөс бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон, түүнчлэн хуульд заасан бусад үндэслэл байна гэж үзвэл албан тушаалаасаа огцрох тухай хүсэлтээ Ерөнхий сайдад өргөн мэдүүлж болно. Харин энэ талаар эцсийн шийдвэр гартал үүрэгт ажлаа гүйцэтгэж, хариуцлагыг нь хүлээнэ.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хууль, 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ зүйлийг 2004 оны 4 дүгэр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ зүйлийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/гэжээ.

Эх сурвалж: www.udriintoim.mn

SHARE