Аварга ингээд тахимаа өгчихвөл…

 

Б.Галцог

Батлан хамгаалах салбарыг тойрсон таагүй явдал газар авах шинжтэй. Гранат дэлбэрч, хоёр албан хаагч амь үрэгдсэн, ахлагчдаа шийтгүүлсэн цэрэг эрүүл мэндээрээ хохирсон гээд үргэлжлэх бололтой. Энэ талаар Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ хэвлэлд тайлбар өгчээ.

Тэрээр “…Гранат дэлбэрсэн асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Хууль хяналтын байгууллагаас шалгаж хэн буруутайг тогтоосны дараа холбогдох хүмүүст нь хариуцлага хүлээлгэнэ.
Нас барсан хоёр албан хаагчийг байлдааны үед амиа алдсан гэдгээр нөхөн олговор олгож байна. Батлан хамгаалах салбарт эмх замбараагүй сахилга батгүй байдал газар авсан байсан. Энэ асуудлыг УИХ-ын хаалттай чуулган Засгийн газрын хуралдаанд танилцуулж байсан. Сайдын зөвлөлийн хурлаа хийж ч чадахгүй хэмжээнд хүрсэн байсныг ажлаа авсанаасаа хойш тогтмол хуралдуулж, асуудлыг шийддэг болсон.
Цэргийн албан хаагч ахлагчдаа шийтгүүлсэний улмаас эрүүл мэндээрээ ноцтой хохирсон асуудал өнгөрсөн нэгдүгээр сард гарсан байсан. Энэ ноцтой асуудлыг нуун дарагдуулсан гэдэг нь үнэн. Харин гуравдугаар сарын 15-нд иргэний гомдол мэдээллийн дагуу ийм зүйл болсон гэдгийг олж мэдсэн. Энэ асуудлыг ч мөн цагдаагийн байгууллага шалгаж байгаа” гэсэн байна.

Одоо үүсээд байгаа нөхцөл байдлыг ажиглавал Б.Бат-Эрдэнэ сайдыг хариуцлага хүлээж албан тушаалаа өгөх ёстой гэсэн хандлага улстөрчид хийгээд иргэдийн зүгээс нэлээд гарч байна. Үүнийг харгалзаж үзээд Б.Бат-Эрдэнэ сайд “тахим”-аа өгчихвөл улс төрийн соёл болоод хүн ёсны жудаг гаргасан харагдана. Түүнд энэ хэмжээний эр зориг байх л учиртай.

Гэхдээ яг хуулийн дагуу нь үзвэл ЗХЖШ-ын дээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч байдаг юм байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 оны зургадугаар сард зарлига гарган Бригадын генерал Д.Давааг ЗХЖШ-ын даргаар томилж, хошууч генерал цол шагнасан байдаг. Д.Даваа генерал нь Монголын Ардын армийн 162 дугаар ангид хүнс, хувцасны албаны даргаар ажлын гараагаа эхэлж ангийн хүнсний хангалтын тасгийн дарга, захирагчийн орлогч, ар талын дарга, БХИС-ийн Цэргийн дээд сургуулийн тэнхимийн эрхлэгч, ар тал эрхэлсэн дэд захирал, БХЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, ЗХЖШ-ын Цэргийн хангалт, үйлчилгээний газрын даргаар ажиллаж иржээ.

Харин гранат дэлбэрч, хоёр албан хаагч амь үрэгдсэнээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч болон ЗХЖШ-ын дарга Д.Даваагийн зүгээс  ямар нэг мэдэгдэл, тайлбар хийгээгүй байна.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE