Зүүн бүсийн үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүллээ

Тавантолгой түлш ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрийн нээлт өнөөдөр боллоо.  Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Нийслэл Улаанбаатар хотын зүүн бүсэд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барьж ашиглалтад оруулах тухай” 35 дугаар тогтоолын дагуу жилд 600.000 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрийн бүтээн байгуулалтыг өнгөрөгч тавдугаар сараас эхлүүлж өнөөдөр ашиглалтад оруулж байна.

Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн БОАЖ-ийн сайд Д.Сарангэрэл, Эрчим хүчний сайд Д.Тавинбэх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг тэргүүтэй албан төлөөлөл оролцсон юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ, “Тавантолгой түлш ХХК-ийг би Монгол Улсын хоёр дахь цахилгаан станц гэж боддог. Гэр хорооллын айл өрхүүдийг дулаанаар хангах ажлыг бие даан гүйцэтгэхээс гадна агаарын бохирдлыг бууруулах Засгийн газрын зорилтыг биелүүлж байгаа. Бид түүхий нүүрсийг хориглож шахмал түлш хэрэглэснээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж чадсан. Одоо 80 хувь хүртэл хэмжээгээр бууруулах зорилт тавьсан. Энэ зорилтод хүрэхэд Тавантолгой түлш ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрийн үүрэг оролцоо хамгаас чухал үүрэг гүйцэтгэнэ. Би Улсын Ерөнхий сайдын хувиар танай хамт олон, та бүхнээрээ маш их бахархаж байна. Энэ ажлыг зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулсан удирдлагын баг, тэр дундаа Гүйцэтгэх захирал Мягмаржавын Ганбаатар хэмээх энэ даруухан эрхэмд гүн талархал илэрхийлье” гэв.

Зүүн бүсийн үйлдвэр нь 1, 2-р үйлдвэр, Дахин боловсруулах үйлдвэрийн өндөр хүчин чадал бүхий найман шугамаар цагт 90 тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Дээрх шугамууд нь БНСУ -ын Jeil machinery Co.,LTD компанид үйлдвэрлэгдсэн, дэвшилтэт технологид суурилсан, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй гэдгээрээ давуу талтай. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн түүхий эд хүлээн авах, бутлах, шигших процесс нь газар доорх байршдаг учир хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй.

Үйлдвэрийн цахилгаан хангамж нь Налайхаас Хөшгийн хөндий чиглэлийн 110кВ шугамаас салбарласан 5.8км агаарын шугам, 110/10кВ /киловольт/ -ын дэд станц бөгөөд  10/0.4 дэд станцууд болох  6 ширхэг ХТП үйлдвэрийн бүс дахь обьектуудыг цахилгаан тэжээлээр хангаж байна. Мөн үйлдвэрийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор сэлгэн залгах 10кВ -ын шугам Уурхайчин фильтрээс салбарлан үйлдвэрийн дэд станцтай холбогдсон.

Үйлдвэрийн хэтийн автоматжуулалтыг бүрэн шийдэх зорилгоор өндөр хурдны 100 Mbps хурдтай 13,7 км урттай шилэн кабель татах, суурилуулах, үйлдвэрийн бүсийн обьектуудыг холбох ажил бүрэн хийгдэж дууслаа. Үүний хажуугаар, 24 цагийн аюулгүй ажиллагааг хангах зорилгоор камержуулалт, дохиожуулалтын ажил хийгдэж байна.

Зүүн бүсийн үйлдвэрийн онцлог нь түүхий эдээ Тавантолгойгоос төмөр замаар тээвэрлэн авчрах боломж бүрдсэн төдийгүй, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ төмөр замаар тээвэрлэх юм.

Уг үйлдвэр одоогоор 256 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажиллахад нийт 1056 хүнийг ажлын байраар хангана.

Эх сурвалж: tavantolgoitulsh.mn

SHARE