Ч.Бямбажаргал: Эцэг эхийн ачийг хэзээ ч хариулж дуусдаггүй

“Бурхан багшийн эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр”   намрын адаг сарын шинийн 22-нд буюу энэ сарын 7-нд тохиосон. Энэ үеэр МБШТ Гандантэгчэнлин хийдийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны лам Ч.Бямбажаргалтай ярилцсан юм.

 

-Бурхан багшийн эхийн ачийг хариулах Дүйчэн өдрийг хэзээнээс тэмдэглэж эхэлсэн байдаг вэ?

-Бурхан багш 2500 гаруй  жилийн өмнө эхийн хэвлийгээс мэндэлсэн. Мэндлээд долоо хонож байхад нь эх Махамаяа хатан таалал барьсан байдаг. Ийн  Бурхан багшид ертөнцөөс уйсах сэтгэл төрж, үнэний мөрийг олохоор хатуу  бясалгал хийхээр шийддэг. Зургаан жил бясалгасны дараагаар бурханы хутгийг олж гэгээрсэн. Үүний дараа өндөр дээд төрөл буюу 33 тэнгэрийн оронд заларч, эхийнхээ ачийг хариулахын тулд 90 хоног ном айлдаж, гэгээрэлд хүргэж өгсөн өдөр бол Бурхан багш эхийнхээ ачийг хариулсан өдөр юм. Бурханы шашинтай орнуудад бурхан багшийн дүйчэн өдөр жилд дөрвөн удаа тохиодог. Үүнийг өргөн дэлгэр тэмдэглэдэг. Бурханы шашин тухайн улсад дэлгэрсэн цагаас дүйчэн өдрийг тэмдэглэж эхэлдэг. Монгол Улсад Хүннү гүрний үед, их хаадын үед, Өндөр гэгээн Занабазарын үед буюу XVII зууны үед гурвантаа бурханы шашин дэлгэрсэн.  Гэхдээ 1937 онд сүм хийдийг хааж, лам нарыг хэлмэгдүүлэх үеэр энэ өдрийг тэмдэглээгүй. Харин 1990-ээд оноос шашин шүтэх эрх чөлөөтэй болсноос  хойш тасралтгүй тэмдэглэж байна.

-Энэ Дүйчэн өдрийн гол утга учир нь эцэг эхийнхээ ачийг ухаарах ёстой гэж ойлголоо. Тийм үү?

-Эхийн ачийг хариулсан дүйчэн өдрөөр эцэг эхийнхээ ачийг санаж баярлуулах ёстой. Гэхдээ зөвхөн энэ өдөр эцэг эхийнхээ ачийг хариулаад бусад өдөр нь зүгээр сууна гэсэн үг биш. Тусгайлсан дүйчэн өдөр гаргаж байгаа нь хүмүүст эцэг эхийнх нь ачийг сануулж,  сайн сайхныг түгээж байгаа хэрэг юм. Дүйчэн өдрөөр бусдын сайн сайхны төлөө өөрийн сэтгэлийг номхотгох, буян үйлдэх, хатуу ширүүн үг хэлэхгүй байх, нэг өдрийг мацаг хүртэх зэргээр тэмдэглэх ёстой. Ямар ч  эцэг эх хүүхдээ зөв яваарай гэж хүсдэг. Тиймээс бие, хэл, сэтгэл гурваараа эцэг эхийнхээ сэтгэлд нийцсэн зөв хүн байх ёстой. Үүнээс гадна эцэг эхийнхээ ачлал энэрлийг нь санаж, сайн сайхан явах нь чухал.

-Зарим хүн эцэг эхийнхээ ачийг өглөг өгөх байдлаар хариулах нь буруу гэж үздэг. Энэ нь ямар учиртай юм бол?

-Энэ бол өрөөсгөл ойлголт. Бие, хэл хоёрыг сэтгэл удирддаг. Сэтгэлээ ялан дийлсэн цагт сэтгэлийн амар амгаланг эдэлнэ. Бид эцэг эхийнхээ хүчээр энэ хорвоод мэндэлж, амьдарч байгаа. Нийгэмд хэрэгтэй сайн хүн болгохын төлөө эцэг эх маань биднийг өсгөсөн. Бидний хийж буй үйлдэл бүрийг эцэг эхийн нэр дагалдаж байдаг. Сайн явбал сайнаар, буруу үйл хийвэл муугаар нэрийг нь дуудуулна гэсэн үг. Ер нь эцэг эхийн ачийг хариулж дуусдаггүй учраас үйл хийх болгондоо ачийг нь санаж явах нь чухал. Учир нь эцэг эхийнхээ ачийг байнга санаж явбал уурлуулж, муу үг хэлж гомдоохгүй.

-Гэхдээ өглөгөөс илүү сэтгэл зүрхээрээ баярлуулах нь чухал уу?

-Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс сүсэгтнүүдээр ээждээ зориулсан захиа бичүүлэх өдөрлөг зохион байгуулсан нь олон хүнд хүрсэн. Захиа авч байгаа хүмүүсийн сэтгэл их хөдөлж, маш их баярласан. Тухайн өглөг материаллаг байна уу үгүй юу гэдгээс үл хамааран сэтгэл зүрхээ зориулах нь чухал юм. Эцэг эхчүүд багаас нь хүүхдүүдээ эцэг эхийгээ хүндлэхэд сургах хэрэгтэй. Хүүхдийнхээ хажууд нэг нэгэндээ муу үг хэлэхгүй байж,  нэг нэгнээ хүндлэн үйлдлээрээ үлгэр дуурайлал үзүүлэх хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

SHARE