Ансу Фати “Эл класико”-д гоол оруулсан хамгийн залуу тоглогч болов

 

Испанийн Барселон хотын “Камп Ноу” цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр ээлжит “Эл класико” буюу тус улсын аваргын төлөө мөнхийн өрсөлдөгч “Барселон”, “Реал”-ын багуудын халз тоглолт болов.

Тоглолтын тав дахь минутад “Реал”-ын Валверде эхний гоолыг оруулж, үүнээс гуравхан минутын дараа “Барселон”-ы Фати тооны харьцааг тэнцүүлсэн юм. “Эл класико”-д гоол оруулсан хамгийн залуу тоглогчийн 25 жилийн тэртээх Раулийн (18 нас 95 хоног) дээд амжилтыг Ансу Фати (17 нас 359) ийнхүү эвджээ. Үүнээс гадна тэрээр “Барселон”-ы “Реал”-ын хаалганд оруулсан 400 дахь эзэн болсон аж.

Эн тэнцүү тоглолтод шүүгч “Барселон”-ыг эргэлзээтэй пеналтигаар шийтгэснийг Серхио Рамос амжилттай гүйцэтгэж, улмаар Лука Модрич тооны харьцааг 3:1 болгосноор энэ удаагийн “Эл класико”-д “Реал” хожлоо. Лионел Месси гуравдахь улирал дараалан “Реал”-ын хаалганд бөмбөг оруулж чадсангүй.

 

Б.Төгсөө  

SHARE