Цэргийн албанд тэнцэхгүй байх 18 төрлийн өвчин эмгэг нэмэгдсэн гэв

Засгийн газар 2017 онд 144 дүгээр тогтоолоор гаргасан журмын дагуу эрүүл мэндийн шалтгаанаар тэнцэхгүй байх 18 төрлийн өвчин эмгэг нэмэгджээ. Тодруулбал, уушгины шохойжилт, олон өнгөт үлд, чихний хэнгэрэг цүлхийсэн, хиймэл болор тавиулсан зэрэг оноштой иргэд цэргийн алба хаах боломжгүй болсон байна.

Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага дэлхийн олон улсад тархаад буй цар тахалтай холбогдуулан явагдаагүй юм. 2020 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 22-25-ны өдрүүдэд болно. Өнгөрсөн оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгт нийт 12874 иргэн хамрагдаж, цэргийн насны залуучуудын 5209 буюу 40 хувь нь эрүүл мэндийн хувьд тэнцээгүй гэнэ. Оношийн бүлгээр авч үзэхэд мэс заслын өвчнөөр 1090, дотрын өвчнөөр 735, чих хамар хоолойн өвчнөөр 672, гэмтлийн улмаас 570, арьс харшлын өвчтэй 350 иргэн цэргийн албанд тэнцээгүй юм байна.

А.Наран

SHARE