Наоми Кэмпбелл: 50 нас хүртлээ амьдарна гэж бодож явсангүй

Алдарт загвар өмсөгч Наоми Кэмпбелл энэ сарын 22-нд 50 нас хүрчээ.

1990-ээд оны моодны ертөнцийн “хар ирвэс” хэмээн алдаршсан тэрээр тэгш ойн баярын өдрийнхөө дараа “Инстаграм” хуудсандаа фэнүүддээ хандан бичихдээ, “Төрсөн өдрийн баяр хүргэн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөсөн хүн бүхэнд талархаж байна. Энэ дэлхийд өнгөрөөсөн тавин жилийн турш надтай хамт маш олон гайхамшигт хүн буйд үнэхээр их баярланам.

Үнэнийг хэлэхэд 50 нас хүртлээ амьдарна гэж бодож явсангүй. Хүнд хэцүү бүхнийг даван өнөөг хүртэл намайг түшин дэмжиж буй хүн бүхэнд чин сэтгэлээсээ талархая. Та бүхний үнэнч, шударга, тууштай дэмжлэг намайг дахин дахин сэргээж ирсэн юм шүү. Мөн амьдрал хайрлаж, маш ихийг сургасан ээждээ хайртай гэдгээ илэрхийлье” гэжээ.

Наоми Кэмпбеллийн загвар өмсөгчийн карьер 16-хан насанд нь “Elle” сэтгүүлийн Их Британи дахь дугаарын хавтсанд гэрэл зураг нь нийтлэгдсэнээр эхэлсэн аж. Түүнийг Италийн алдарт дизайнер Жанни Версаче дэмжиж дэлхийн хэмжээний од болгосон гэдэг.

Эх сурвалж: news1.mn Б.Төгсөө

 

SHARE