Клопп, Симеоне, Хендерсон, Льоренте нар тоглолтын дараа юу өгүүлэв?!

Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн “Ливерпүүл”-“Атлетико Мадрид”-ын хариу тоглолт боллоо. Эхний тоглолтод Мадридын баг талбайдаа 1:0-ээр хожсон тул Ливерпүүлийн багт зайлшгүй хожих шаардлага тавигдсан. Гэвч тэд талбайдаа 2:3-аар хожигдлоо. Тоглолтын дараагаар хоёр багийнхан юу өгүүлсэнийг хүргье.


Юрген Клопп /”Ливерпүүл”-ийн дасгалжуулагч/: – Тоо 1:2 болоход бидэнд нэг их хүндрэл тулгараагүй. Харин 2:2 болсны дараагаар байдал хэцүүдсэн. Хоёр гоол алдах тэр мөчид манай багийнхан ядарчихсан байлаа. Үндсэн цагт хүчээ шавхсан болохоор үргэлжлүүлж тоглоход хүнд туслаа. Дамжуулалтууд хүссэн хэмжээнд хүрэхээ больж, яаж тоглох ёстойгоо залуус мартчих шиг болсон.
Гэвч би багийнхаа тоглолтод сэтгэл дүүрэн байна. Ийм өрсөлдөгчийн эсрэг тоглох их хэцүү. Өндөр зэрэглэлийн тоглогчидтой байж тэд хөлбөмбөгийг яагаад ингэж тоглодгийг ойлгохгүй юм. Хамгаалалтдаа шавахгүйгээр жинхэнэ хөлбөмбөг тоглож болох л байсан шүү дээ.


Хэдийгээр шударга бус мэт санагдаж байгаа ч энэ дүнг хүлээж авахаас өөр аргагүй. Хоёр шугамдаа дөрөв дөрвөн хүнтэйгээр маш нягт хамгаалсан ийм багийн эсрэг манай залуус байдгаа шавхсаны дараагаар гол бүтэлгүйтлийн эзэн нь би гэдгээ мэдэж байна.
Сүүлийн хоёр жилд бид энэ тэмцээний финалд хүрсэн болохоор аз хийморьтой байсан хэрэг. Гэвч өнөөдөр тоглолтын зангилаа үед бүх зүйл бидний эсрэг эргэлээ.


Диего Симеоне /”Атлетико Мадрид”-ын дасгалжуулагч/: 4-5-1 гэсэн хувилбар руу шилжсэнээр бидэнд сөрөг довтолгооны боломж үүсэх ёстой байсан. Яг л түүгээр боллоо.

Диего Костаг Маркос Льорентегоор сольсон нь хамгаалалтдаа түлхүү анхаарах гэснийх. Гэвч яг эсрэгээрээ үйлчиллээ. Европын шилдэг наймд дахиад шалгарсан багийнхныхаа өмнөөс би баяртай байна. Их хүчтэй өрсөлдөгчөө хожлоо шүү дээ.
“Ливерпүүл”-ийг фанатууд нь довтлохыг уриалж, урагш хөтөлсөн ч бид дараагийн шатанд шалгарлаа. Хөлбөмбөгт өрсөлдөгчдөө тав тухтай тоглох боломж өгөлгүй, амьдралыг нь хүндрүүлэх шаардлагатай байдаг. Феликс, Диего Коста, Корреагийн тусламжтайгаар бид их өндөр прессинг тавихыг зорилоо. Тэд хоёр гоол оруулчихаад байхад ч бид бууж өгөөгүй. Тэгээд л өөрсдийн гоолоо хийлээ.


Облак бол дэлхийн шилдэг хаалгач гэдэгт эргэлзэх юм алга. Тэр бидэнд яг л бусад тоглогчид шигээ амин чухал хэрэгтэй хүн. “Атлетико”-д дэлхийн шилдэг хаалгач байна гэдэг “Барселона”-д Месси ялалт авчирдагтай адил юм.


Жордан Хендерсон /”Ливерпүүл”-ийн ахлагч/: Ийм дүнгийн дараагаар сэтгэл хямарч буй минь ойлгомжтой. Бүхэлдээ бид сайн тоглолоо гэж бодож байна. Хүчээ шавхаж, эрч хүчтэй тоглосны дараагаар ингэж хожигдох үнэхээр таагүй. Ямар гоолууд алдсанаа бодохоор бүр ч хэцүү санагдаж байна. Тоглолтдоо сэтгэл дүүрэн ч гэсэн алдсан гоолуудаа бодохоор гоол харлана.
Анхаарал алдсаны шанг ямар өндөр үнээр төлдгийг бид мэднэ. Гэхдээ л бид дараагийн шатанд шалгарахаар хэмжээнд тоглосон. Бидэнд гоолын олон боломж гарсан ч Облак гайхалтай байлаа. Гурав дахь гоолыг оруулчихсан бол тоглолтын хувь заяаг шууд шийдчих байсан юм. Ийм сайн хамгаалдаг багийн эсрэг тоглох хэцүү л дээ. Тийм ээ, өнөөдөр бас маргааш сэтгэл санаа хүндхэн байх болно. Гэхдээ энэ мэдрэмжээ ашиглаж улирлыг улам хүчтэй өндөрлүүлэхийг зорих ёстой.


Маркос Льоренте /”Атлетико Мадрид”-ын тоглогч/: Цаашид хэр хол явах, хэрхэн тэвчиж тарчилж тоглох талаар төлөвлөгөө алга. Бид өнөөдөр үхчихгүй юм шүү л гэсэн бодлоор хамгаалж тоглолоо. Баг нэг цул болж бүгд нэг тийш тэмүүлэхэд ийм амжилт хүрдэг юм.
Испанийн “Атлетико Мадрид” Аваргуудын лигийн шөвгийн наймд шалгарлаа.

Ливерпүүл Англи – Атлетико Мадрид Испани 2:3

(Эхний тоглолт 0:1)

Гоол: Вейналдум 43, Фирмино 94, Льоренте 97, 105, Мората 120

Ливерпүүл: Адриан, ван Дейк, Робертсон, Гомес, Александер-Арнолд, Вейналдум (Ориги, 105), Хендерсон (Фабиньо, 105), Окслейд-Чемберлен (Милнер, 82), Манэ, Фирмино (Минамино, 113), Салах.

Атлетико: Облак, Фелипе, Триппьер (Врсалько, 90), Савич, Лоди, Сауль, Томас, Корреа (Хименес, 105), Коке, Жоао Феликс (Мората, 103), Диего Коста (Льоренте, 56).

Шар хуудас: Александер-Арнолд 119, Мората 119, Сауль 120


News1.mn Р.Гэгээ

SHARE