НӨАТ ТӨЛӨГЧИД 2 ТӨРЛИЙН ХЭЛБЭРЭЭР УРАМШУУЛАЛ АВДАГ

НӨАТ-ын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу албан татвар төлөгчид дараах 2 хэлбэрээр урамшуулал олгодог.

 

   Нэгдүгээрт: Тухайн татварын жилд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгох ба албан татвар төлөгчид буцаан олголтыг доорх нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд олгодог. Үүнд:

            1. Албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан байх;

            2. Худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн байх;

            3. Албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ байх;

            4. Бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдсэн байх.

 

Хоёрдугаарт: Сугалааны тохирлоор урамшуулал олгодог ба сугалаанд оролцогч нь дараах нөхцөлийг хангасан байна. Үүнд:

1. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа этгээдийн бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсний төлбөрийн баримтын мэдээллийг цуглуулах, боловсруулах, тайлагнах үйлдэлтэй нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсэгт өөрийн овог, нэр, регистрийн дугаар, цахим шуудангийн хаяг, холбоо барих утасны дугаар болон Монгол Улсад бүртгэлтэй банкны нэр, дансны дугаарыг кирилл үсгээр бүртгүүлж баталгаажуулсан байх,

2. Борлуулагчаас бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан байх,

3. Энэхүү худалдан авалтыг нотлох нэгдсэн системээс үүсгэсэн сугалааны дугаарын мэдээлэл агуулсан төлбөрийн баримт (сугалааны тасалбар) авсан байх,

4. Сугалааны тасалбарыг хэрэглэгчийн хэсгийн бүртгэлд сугалааны тохирол явагдах өдрийн өмнөх өдрийн 24 цагийн дотор бүртгүүлсэн байх шаардлагатай.

 

    Сугалааны тохирлыг сард нэгээс багагүй удаа явуулах бөгөөд сугалаа нь супер болон үндсэн урамшууллын тохиролтой байна. Сугалааны тасалбарт агуулагдах сугалааны дугаарыг зөвхөн нэгдсэн системээс олгох бөгөөд сугалааны дугаар нь хоёр /2/ латин том үсэг болон тэг /0/-ээс ес /9/ хүртэлх найман /8/ цифр бүхий тооноос бүтсэн AA00000000 дугаарлалтаас ZZ99999999 дугаарлалтын хооронд байна. Сугалааны дугаарын 2 үсэг нь дахин давтагдашгүй серийн дугаарыг илэрхийлнэ.

Эх сурвалж: mta.mn

SHARE