Гэри Рассел: Төгсцогтод ухаан, туршлага дутна

АНУ-д орон нутгийн цагаар хоёрдугаар сарын 8-нд, УБ-ын цагаар бол 2 дугаар сарын 9-ны өдөр Пенсильвани мужийн Аллентаун хотын PPL Center ордонд Гэри Рассел-Н.Төгсцогт нарын тулаан болох гэж байна. WBC-гийн дэлхийн аварга Гэри Рассел бүсээ хамгаалах энэхүү тулааны өмнөх хэвлэлийн бага хурал дээр манай Н.Төгсцогтыг өндрөөр үнэлсэн ч ялж чадахгүй гэж мэдэгджээ.

“Аваргуудаас нэг нь ч надтай тулахыг хүсээгүй болохоор би залуу, ялалтаар цангасан тамирчинтай тулаан хийхээс аргагүйд хүрлээ. Хүрсэн амжилтаа улам ахиулахын тулд би энэ тулааныг хийх гэж байна. Төгсцогт бол 2012 оны олимпийн наадмын мөнгөн медальтай, авьяаслаг нь маргаангүй боксчин.

Энэ залуу одоо хэнийг ч түгшээж, тэвдүүлж чадахаар хэмжээнд хүрсэн. Баруун гарын ажиллагаа, цохилт маш сайтай болохоор түүнээс нь болгоомжилж, сэрэмжтэй байх хэрэгтэй. Рингэнд гарахдаа тулаанч бүр болгоомжтой байж, сайн хамгаалж тоглох ёстой байдаг. Гэхдээ миний хувьд түүнд ялагдахгүй. Төгсцогтод ухаан, туршлага дутна” хэмээн Гэри Рассел мэдэгджээ.

57.2 кг-ын жингийн дэлхийн аварга Гэри Рассел 31 тулаан хийхдээ 30 ялж (18 нокаут), 1 ялагдсан амжилттай. Олимпийн хошой аварга, мэргэжлийн боксын дэлхийн аварга, Украины алдарт Василий Ломаченкод л Рассел ялагдсан юм.

Харин манай Н.Төгсцогтын хувьд 2015 онд мэргэжлийн бокст шилжсэнээс хойш 10 тулаан хийхдээ бүгдэд нь ялалт (нокаут) байгуулаад байгаа билээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE