“Арабын хойг дахь Аль-Каида” террорист бүлэглэлийн толгойлогчийг устгажээ

“Арабын хойг дахь Аль-Каида” террорист бүлэглэлийн толгойлогч Касем Ар Раймиг Йеменд тусгай ажиллагааны үеэр устгасан тухай АНУ-ын Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Мэдээлэлд, “Ерөнхийлөгч Доналд Трампын тушаалаар АНУ-ын зэвсэгт хүчний зохих албад Йемен улсад тусгай ажиллагаа явуулж “Арабын хойг дахь Аль Каида” террорист бүлэглэлийн үүсгэн байгуулагч, толгойлогч Касем Ар Раймиг устгалаа. Касем Ар Райми “Аль Каида”-гийн удирдагч Айман Аз Завахирийн орлогч байсан бөгөөд 1990-ээд онд Афганистанд Осама Бин Ладены удирдаж байсан “Аль Каида”-д нэгджээ. “Арабын хойг дахь Аль Каида” нь Йемений энгийн иргэдийг хүчирхийлж, АНУ-ын цэргийн албан хаагчдын эсрэг цуврал халдлага үйлдэхээр зэхэж байсан юм” гэжээ.

АНУ-ын Тагнуулын төв газаар Касем Ар Раймийн байршлыг Йемен дахь мэдээлэгчээсээ мэдэж авсан бөгөөд хэдэн сарын турш халдлагыг нарийн төлөвлөсний эцэст гүйцэтгэсэн тухай “The New York Times” сонинд бичжээ.

Б.Төгсөө

SHARE