Гүнж гурван настай охиноос уучлалт гуйв

Их Британийн гүнж, Кембрижийн гүнгийн ахайтан Кейт Миддлтон хоёрдугаар сарын 4-нд Уэльсийн эрэг дэх Мамблын аврах ангийнхны ажил байдалтай танилцахаар айлчлан очжээ. Гүнж ирэх тухай урьдчилан сонссон олон хүн гудамжинд угтан хүлээн зогссоны дотор гурван настай бяцхан охин байлаа.

Гэвч гүнж зориуд зорьж очин өөртэй нь мэндчилсэн ч бяцхан охин сэтгэл гонсгор үлдсэн гэнэ. “Би охинтойгоо бүтэн цагийн турш гүнжийг хүлээсэн. Миний охин үлгэрт их дуртай. Ялангуяа “Үнсгэлжин”-д бүр ч их дуртай. Жинхэнэ гүнжийг харна, уулзана гээд бөөн баяр хөөр болсон” хэмээн охины ээж Райан Костелло өгүүлжээ.

Гүнжийг дөхөн ирж гар барихад охин гэнэт “Би чамайг үнсгэлжинтэй адилхан байх гэж бодсон юм” хэмээн хэлсэн гэнэ. Охиныхоо үгийг сонссон даруйдаа ээж нь гүнжээс уучлалт гуйж, үлгэр унших дуртайг нь хэлж тайлбарласан байна. Охин гүнжийг гоёлын даашинзтай ирнэ гэж хүлээсэн учир тийнхүү сэтгэл нь гонсойсон хэрэг.

Охины үгийг сонссон гүнж Кейт Миддлтон инээмсэглэн “Өнөөдөр гоё даашинз өмсөж ирээгүйг минь уучлаарай” гэж хэлээд тэвэрч, өхөөрджээ.

“Охиныг минь тэврэхэд би их гайхсан шүү. Их сайхан инээмсэглэдэг, эелдэг гоё харилцаатай юм билээ. 10 жилийн дараа гэхэд миний охин ямар гайхалтай уулзалт болсныг ойлгох байх аа” гэж охины ээж өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

 

 

SHARE