АНУ-ын Сенат Доналд Трампыг Ерөнхийлөгчөөс огцруулах шаардлагагүй гэж үзэв

АНУ-ын Конгрессийн дээд танхим буюу Сенат тус улсын Ерөнхийлөгч Доналд Трампыг импичментээр хугацаанаас нь өмнө огцруулах эсэх асуудлыг авч хэлэлцээд буруугүй гэж үзсэн тухай “АР” агентлаг уламжиллаа.

Доналд Трампыг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, Конгрессийн үйл ажиллагаанд саад учруулсан хэрэгт буруутган огцруулахын тулд хуулийн дагуу Сенатын гишүүдийн дор хаяж гуравны хоёрын дэмжлэг авах нь ёстой байв. Гэвч эхнээсээ тодорхой байснаар Сенатад олонхийн суудалтай эрх баригч Бүгднайрамдах намын гишүүд тус намаас нэр дэвшин Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трампыг буруутгасангүй, огцруулах шаардлагагүй гэж үзжээ.

Бүгднайрамдах намын сенатчдаас АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан Юта мужийн Митт Ромни л импичментийг дэмжсэн санал өгчээ. Тэрээр АНУ-ын түүхэнд нэг намын Ерөнхийлөгчөө огцруулахыг дэмжсэн анхны сенатч болсон аж.

Б.Төгсөө

SHARE