Александр Овечкин 27 дахь удаагаа хет-трик хийв

NHL-ийн “Вашингтон Кэпиталс“ багийн орос довтлогч Александр Овечкин “Лос Анжелес Кингс” багийн хаалганд дөрвөн минут 24 секундын дотор гурван гоол оруулснаар баг нь өрсөлдөгчөө 4:2-ын харьцаатай хожжээ.

Ингэснээр тэрээр энэ улирлын мэргэн буучдын жагсаалтыг 40 гоол, 17 гоолын дамжуулалттайгаар тэргүүлэх болсон байна. Александр Овечкин 27 дахь удаагаа хет-трик хийсэн нь энэ бөгөөд NHL-д нэг тоглолтод 50 удаа гурван гоол оруулсан домогт Вэйн Гретцки энэ үзүүлэлтээр дээд амжилтыг эзэмшдэг ажээ.

Александр Овечкин нийтдээ 698 гоол оруулаад байгаа бөгөөд NHL-ийн түүхэнд наймд бичигдэж буй. Түүний өмнө Вэйн Гретцки (894 гоол), Горди Хоу (801), Яромир Ягр (766), Бретт Халл (741), Марсел Дионн (731), Фил Эспозито (717), Майк Гартнер (708) нар бичигддэг байна.

Б.Түшиг

SHARE