Нэнси Пелоси Доналд Трампын АНУ-ын Конгресст хандаж хэлсэн үг бүхий цаасыг уржээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-ын Конгресст улс орны байдлын талаар илтгэл тавьсны дараа Конгрессын доод буюу Төлөөлөгчдийн танхимын спикер, Ардчилсан намын гишүүн Нэнси Пелоси түүний хэлсэн үг бүхий цаасыг олны нүдэн дээр урж хаясан тухай “CNN” мэдээлжээ.

Доналд Трамп илтгэл тавихаасаа хэдэн минутын өмнө хэлэх үгийнхээ хуулбарыг Нэнси Пелосид өгсөн байна. Нэнси Пелоси цаасыг аваад  гар барих гэтэл Доналд Трамп эргэж харан шууд индэр рүү алхжээ. Хариуд нь Нэнси Пелоси үг хэлэх түүнийг танилцуулахдаа маш товчхон, “Конгрессын гишүүд ээ, АНУ-ын Ерөнхийлөгч” гэсэн аж. Улмаар Доналд Трампыг үг хэлж дуусангуут хэлсэн үг бүхий цаасыг уржээ.

Доналд Трамп өмнө нь Нэнси Пелосиг хэд хэдэн удаа “гуравдугаар зэрэглэлийн улстөрч” гэж тодорхойлж байсан аж.

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 18-нд Доналд Трампыг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, Конгрессын хяналт шалгалтад саад учруулсан хэрэгт буруутган огцруулах импичментийн үйл ажиллагааг эхлүүлсэн билээ. Гэвч АНУ-ын Конгрессын дээд танхим Сенатад эрх баригч Бүгднайрамдах намынхан олонхи тул Доналд Трампыг огцруулах магадлал тун бага байгаа юм.

Б.Төгсөө

SHARE