VIII Богдын захиастай хүү СҮХБААТАР

“Ардын засгийн анхны долоо”. Энэ долоон эрхэм нь 1920 оны намар хойд хөрш Орос улсаас тусламж гуйхаар нууцаар одсон Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Д.Бодоо, С.Данзан, Д.Догсом, Д.Лосол, Д.Чагдаржав нар. Монголын улс төрийн ууган хүчин МАН-ыг үүсгэн байгуулсан олон арван гишүүний төлөөлөл эдгээр хувьсгалчийг хойд газар одоход дээрхийн гэгээнтэн VIII Богд Жавзандамба тэднийг зорьсон хэргээ амжилттай гүйцэлдүүлэхийг ерөөн бүгдэд нь сахиус зүүж өгчээ. Иймээс тэднийг анх “Дээрхийн сахиустай долоо” гэж онцгойлон нэрлэж байсан ч Коминтерний атейст үзэл суртлын нөлөө шахалтаар уг нэршил нь “Ардын засгийн анхны долоо” болон өөрчлөгджээ. Анхны долоо тусламж хүссэн хоёр бичигтэй явсны нэг нь Богдын тамгатай, нөгөө нь МАН-ын тамгатай байв.

Д.Сүхбаатар, Д.Догсом, Д.Лосол гурав нэг баг болон Нийслэл хүрээнээс наймдугаар сарын 1-нд хөдөлж 6-нд хил давж Зөвлөлт Орос Улсын нутагт оржээ. Сайх гуравт Алс Дорнодын Бүгд найрамдах улсын Ардын хувьсгалт армийн дэргэдэх цэргийн байцаан шалгах хэлтсээс Дээд-Үдээр дамжин Эрхүү хот орохыг зөвшөөрч, 1920 оны наймдугаар сарын 2-нд нэвтрэх үнэмлэх бичиг олгосон. Энд Д.Сүхбаатарыг орос аялгаар Сухо-Батор, харин Д.Догсомыг “ДемБриль” буюу Дэмбэрэл, Д.Лосолыг “Тои-Го” буюу Давга хэмээн нууц нэрээр нь бичжээ. Тэд Нийслэл хүрээнээс Эрхүү хот хүрэх замдаа Шанага, Манхдай, Хүйтэн, Ерөө, Дээд Шивээ, Усть Хиагт, Дээд-Үд хотод хоноглосон байна.

Д.Сүхбаатар нар наймдугаар сарын дундуур Дээд-Үдэд байсан Алс Дорнодын Бүгд найрамдах улсын Сайд нарын зөвлөлийн дарга бөгөөд Коминтерний Алс Дорнодын нарийн бичгийн дарга нарын газрын удирдах ажилтан Б.З.Щумяцкийтэй уулзжээ. Тэрбээр, “Бид та нарын ажилд дуртайяа туслалцах учир зорьсон хэрэг чинь лав бүтнэ гэж найдаж байна” гээд Эрхүү хотод очиж өөрөөсөө илүү эрх мэдэлтэй дарга нартай уулзахыг зөвлөжээ.

Наймдугаар сарын 19. Д.Сүхбаатар нар Оросын Коммунист /большевик/ нам (ОКН)-ын Сибирь дэх Товчооны Дорно дахины улс түмний салбарын эрхлэгч Ф.И.Гапонтой Эрхүү хотноо уулзаж Зөвлөлт Орос Улсаас авах тусламжийн талаар ярилцжээ.

Наймдугаар сарын 24. Анхны долоо зөвлөлдөн гурав хуваагдаж, тус тусын ажлыг хуваарилахад Д.Сүхбаатар, Х.Чойбалсангийн хамт Эрхүү хотод үлдсэн бөгөөд “Амурское подворье” зочид буудалд байрлаж байв. Тэр хоёр Москва руу явсан С.Данзан, Д.Чагдаржав,  Д.Лосол (С.Данзантай таарамжгүй тул замаасаа буцаж ирсэн) болон Нийслэл хүрээ рүү буцсан Д.Бодоо, Д.Догсом нартай холбоо барих, “Монголын үнэн” сонин гаргахад бэлтгэх, цэргийн эрдэмд суралцахаар болжээ.

Есдүгээр сарын 20. Д.Сүхбаатар ОКН-ын Эрхүү мужийн III бага хуралд оролцон төлөөлөгчдөд хандан баяр хүргэж үг хэлжээ.

Арваннэгдүгээр сарын 2. Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нар Зөвлөлт Орос Улсын Ардын коммисарриатын төлөөлөгч болон Эрхүү хот дахь Зөвлөлт Оросын Улаан армийн удирдлага, Коминтерний Алс Дорнодын нарийн бичгийн дарга нарын газарт хандаж Монгол орныг эзлэн түрэмгийлж байгаа нийтийн дайсан цагаантныг хамтын хүчээр устгахын тулд Улаан армийн ангиудыг Монгол Улсад оруулахыг хүссэн бичиг өгчээ.

Арваннэгдүгээр сарын 10. Д.Сүхбаатар, Х.Чойбалсан тэргүүтэй хувьсгалчид ОКН-ын Сибирийн товчооны Дорно дахины улс түмний салбар болон Коминтерний Алс Дорнодын нарийн бичгийн дарга нарын газрын туслалцаатайгаар “Монголын үнэн” сонины анхны дугаарыг гаргажээ.

Арваннэгдүгээр сарын 18, 19. Д.Сүхбаатар нар Эрхүү хотоос Дээд-Үдээр дайран эх орон руугаа буцсан байна.

Жанжин Д.Сүхбаатар 1919 оны намар Монголын хууль шастир хэвлэх газарт үсэг өрөгчөөр ажиллаж байхдаа эзэмшсэн дадлага туршлага нь түүнийг 1920 онд “Монголын үнэн” сонины анхны дугаарыг гаргахад биечлэн оролцоход их тус нэмэртэй байжээ. Ташрамд хэлэхэд, Богд хаант засгийн газраас 1919 оны арванхоёрдугаар сарын 8-нд Д.Сүхбаатарыг Монголын хууль шастир хэвлэх ажилд онцгой хүчин зүтгэсний тулд дэд зэргийн жинс, тогосын өдөөр шагнасан. Д.Сүхбаатар 1920 оны намар Оросоос буцаж  ирээд Богдод бараалхаж хадаг барин амрыг ирээд түүний өргөөнөөс их л баяртай гарч ирсэн бөгөөд “Гэгээнтэн багш намайг, тэнд байсан ихэс дээдсүүдэд хандан, миний захиастай хүү байгаа юм гэж магтлаа” гэж морин жолоочдоо ярьсан байдаг.

Жанжин Д.Сүхбаатарыг цэргийн дарга нарын нийтлэг дүр төрхийг илэрхийлсэн шийдэмгий хурц харцтай, сүрдэм чанга захиргаадсан дуу хоолойтой нэгэн явсан гэх ойлголт өнөөгийн биднээр тогтохгүй, түүнтэй нүүр тулж яваагүй хүмүүст өнгөрсөн зууны үед ч бас төрж байжээ. Жанжны амьд сэрүүндээ авахуулсан гэрэл зураг цөөнгүй ч тэдгээрийг сонин, сэтгүүл болон зургийн цомогт оруулахдаа тод болгохоор үзэг бийрээр засварласнаар ёстой “нуухыг нь авах гээд …” гэдэг болгожээ. Нүд хөмсгийг нь хэтэрхий тодруулсан нь алдаа болон хувирч Д.Сүхбаатарыг бодит төрхөөс нь арай илүү ширүүн харцтай мэт болгон өөрчилжээ. 1921 оны арваннэгдүгээр сард Москва хот руу хичээнгүй сайд Б.Цэрэндорж нарын хамт ажлын айлчлалаар явж байгаа баримтат кинонд Д.Сүхбаатар жанжин маань гардаг. Хоромхон хугацаанд харагддаг дүр төрх нь гэрэл зурагнуудаас нэлээд өөр байдаг нь дээр дурдсан хэвлэлийн чанарт тохируулахаар тодотгож хийсэн засварын алдаатай шууд холбоотой. Энэ сэдвээр жанжин Д.Сүхбаатарын гэргий С.Янжмаа, Ардын хувьсгалын үед жанжинтай мөр зэрэгцэн тулалдаж явсан түүний анд нөхөр маршал Х.Чойбалсан, Улсын Бага хурлын тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэнд хурандаа нартай Ардын зураач, төрийн шагналт О.Цэвэгжав тэргүүтэй зураачид 1943 оны хавар хэрхэн хөөрөлдсөнийг уншигчдадаа сонирхуулъя.

…Ардын зураач Ү.Ядамсүрэн цааш эргэж цэнхэр дээлтэй, шар ногоон бүсэндээ хөөргөт дайлан хавчуулсан, хар хилэн тоорцог өмссөн энгэртээ Зөвлөлтийн улаан тугийн одонтой жанжин Д.Сүхбаатарын нуруугаа үүрсэн хагас босоо, тосон будгаар зурсан хөрөг зургийг тусгай суурин дээр гаргаж тавилаа. Маршал Х.Чойбалсан удаан ажиглаж харснаа:

-Сүхбаатарын дүр ч аргагүй мөн дөө. Сайхан хөрөг болжээ гэж баярлангуй хэлэхэд С.Янжмаа маршалын хэлснийг давтлаа. Харин Г.Бумцэнд хурандаа:

-Уран зураг үнэхээр  гайхалтай юм. Өөдөөс минь амьд юм шиг хараад байх юм. Сүхбаатар маань дулаахан харцтай хүн байсныг маршал, Янжмаа та хоёр мэднэ дээ. Тэр нь зураг дээр харагдвал зүгээр юмсан гэв. О.Цэвэгжав зураач “Бум гуай, энэ хөрөг зурагт Сүхбаатар жанжны дулаахан харц тод харагдахгүй байна уу” гэж асуухад, Г.Бумцэнд хурандаа:

-Надад тийм харц төдийлөн тусахгүй байна. Ер нь хүний нүдний харцыг дуурайлган зурж чадвал адилхан болно гэж би боддог. Нүд бол баярлах, гомдох, хайрлах, уцаарлах зэрэг олныг илтгэдэг, “ярьдаг” эрхтэн. Сүхбаатарын минь нүдний өнгө  хонин бордуу, харц нь энэрэнгүй, өрөвдөнгүй  зөөлөн. Харахад нүднээ дулаахан харцтай, төрх байдал тайван даруу, дуулах дуртай. Эвлэгхэн аялчихдаг, цоглог сайхан хүн байсан. Залуус та нар нүүр тулж учирч байгаагүй болохоор мэдэхгүй байх нь аргагүй.

О.Цэвэгжав зураач “Жанжны ямар гэрэл зураг нь та нарт илүү таалагддаг вэ” гэж асуухад, Г.Бумцэнд хурандаа:

-Загал морьтой, цэрэг хувцастай авахуулсан зураг илүү тод, дүрээрээ харагддаг. С.Янжмаа:

-Тийм ээ, уг зураг нь тод сайхан зураг байсан юм. 1920-иод оны эцсээр чулуун бараар томсгон хэвлэх үед үйлдвэрийнхэн эх зургийг үрэгдүүлчихсэн. Тэр зурагны бүдэг хуулбар олширсон. Улаан цэргийн дарга нартай авахуулсан зураг дээр дүрээрээ харагддаг. Одоо ч сонин хэвлэлд нийтэлж байгаа Сүхийн минь зарим гэрэл зураг танигдахааргүй, тайлбарыг нь уншиж байж л мөн юм байх гэж бодохоор болжээ…

1893 оны хоёрдугаар сарын 2-нд Их хүрээний дүүрэг Элбэг-Амгалант гацаа, одоогийн нийслэл Улаанбаатарын зүүн хоймор Амгаланд мэндэлсэн Дамдины Сүхбаатарыг хилийн цаана Оросын Буриад, эсвэл Өвөрмонголын Далай нуурын хөвөөнд төрсөн буриад гэж булаалцалддаг хүмүүс олноор гарч ирлээ. Их эзэн Чингис хааныг минь Орос, Казах, Хятадын эрдэмтэн судлаачид манайх гэж булаацалддагтай агаар нэгэн үйл явдал өрнөж байна. Мянганы хүмүүн Чингис хаан нь хүнтөрөлхтний бахархал болсон суутан учраас булаацалддаг бол Д.Сүхбаатар маань даяар Монголчуудын бахархал болсон эрхэм учраас монгол туургатнууд өөрийн хүмүүн хэмээн булаацалдаж байгаа нь эерэг өнцгөөс харвал магтууштай сайхан хэрэг. Гэхдээ үнэн юм үнэнээрээ байх бүр сайхан.

Өвөрмонголчууд бидэнд хандаж “Та нар туурга тусгаар улсаа авч үлдсэн, бид монгол бичгээ авч үлдсэн” гэж хэлдэг. Төв Азид нүүдэлчдээс хоёр мянган жилийн тэртээ хамгийн анх төрт улсаа байгуулсан хүннү нарын залгамж хойчис монголчууд XX зууны эхээр туурга тусгаар Монгол Улсаа байгуулахад хүндтэй гавьяа байгуулсан түүхэн хүмүүсийн нэг нь цэргийн жанжин Д.Сүхбаатар билээ.

 

 ———– ЗУРАГ ТҮҮХ ӨГҮҮЛНЭ ——-

Г.Бумцэнд хурандаа, жанжны гэргий С.Янжмаа нарын ярианд гарч байгаа 1922 онд авахуулсан энэ зураг дээрх Д.Сүхбаатар жанжны унасан хүлэг нь нэгд, алдарт хонгор морь нь биш, хоёрт гүү юм. Оросын Улаан цэргийн тавдугаар армийн командлагч Уборевич нь гэрэл зурагчин явуулж жанжны зургийг авахуулах болжээ. Энэ үеэр түүний морин жолооч нь хонгор морийг нь услахаар Сэлэнгэ мөрөн рүү авч одсон байж. Ингээд Д.Сүхбаатар жанжин маань Ардын журамт цэрэг Цэдэн-Иш гэдэг хүний жороо хулагч гүүг унаж гэрэл зургаа авахуулсан байна.

                        Б.ЕРЭНТЭЙ (МУ-ын СГЗ)

 

SHARE