Цагаан сар ба БИТҮҮНИЙ БӨХИЙН БАРИЛДААН

Цагаан сарыг хориглосон нь Шар зурхайг хэрэглэснээс үүдэлтэй

Аргын тооллын 1952 он нь билгийн тооллоор луу жил. Хаврын эхэн сарын шинийн нэгэн Цагаан сар нь Шар зурхайн цаглабраар нэгдүгээр сарын 27-нд, харин Төгс буянтын монгол зурхайнхаар хоёрдугаар сарын 26-нд тохиох байв. 1940, 1950-аад онд манайд ихэвчлэн Шар зурхайн тооллыг баримталдаг байж. Иймээс хот хөдөөний хүмүүс 1952 оны Цагаан сарын өмнөх өдөр, аргын нэгдүгээр сарын 26-нд битүүлж байтал хойд хөршийн нийслэл Москва хотод эмчлүүлж байсан Монгол төрийн тэргүүн Маршал Х.Чойбалсан нас барсан гашуудалт мэдээ иржээ. Төр засгаас орон даяар гашуудал зарлаж, Цагаан сар тэмдэглэхийг албан ёсоор хориглосон байна.

Улмаар төрийн эрх барих дээд газар Ардын Их Хурлын тэргүүлэгчид хойтон жил нь 1953 онд маршал Х.Чойбалсангийн нас барсан өдөр – нэгдүгээр сарын 26-нд зарлиг гаргаж Цагаан сарын шинийн нэгнийг ажлын өдөр болгожээ. Энэ нь хойшид Цагаан сарыг тэмдэглэхийг Монгол Улсад хориглосон албан ёсны шийдвэр байв.

Тухайн үед уг шийдвэрт дургүйцсэн хүмүүс Маршалыг өдрөө олж нас барсангүй, балагтай юм гэхээс илүүтэйгээр Шар зурхайн цаглабрыг, түүгээр цаг тооны бичиг зохиосон монгол зурхайчдыг буруушааж байсан гэдэг. Төгс буянтын зурхайг дагасан бол, Монголын Цагаан сар нь 1952 онд маршал Х.Чойбалсанг нас барснаас бүтэн сарын дараа тохиох, үр дүнд нь, орон даяар зарласан гашуудлын өдөртэй давхцахгүй. Нэгэнт давхцахгүй учраас Цагаан сар хийхийг хориглох шаардлага гарахгүй байжээ.

Хожмоо 1960 оны нэгдүгээр сард Ардын Их хурлын Тэргүүлэгчид зарлиг гаргаж жил бүрийн билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг “Нэгдэлчдийн баяр” болгон тэмдэглэх, гэхдээ зөвхөн хөдөө аж ахуйн салбарт ажиллагсдад амралтын өдөр байхаар тогтоожээ. Өөрөөр хэлбэл, төв суурин газрын иргэдэд урьдын адил уг баярыг тэмдэглэх хориотой, харин хөдөө орон нутагт малчдад Цагаан сар хийхийг албан ёсоор зөвшөөрсөн алхам байв.

Ташрамд дурдахад, 1988 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр төрийн эрх баригч МАН-аас “Билгийн улирлын хаврын тэргүүн сар-Цагаан сарын шинийн нэгнийг бүх ард түмний амралтын өдөр болгох” тогтоол гаргажээ. Тогтоол гарснаар хязгаарлагдмал түвшинд “Нэгдэлчдийн баяр” нэртэй байсан Цагаан сар нь 1989 оны билгийн тооллын могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн  нэгнээс эхлэн жил бүр хуучин уламжлал ёсоор бүх нийтээр тэмдэглэх баяр болсон замналтай юм. Энд нуршсаны учир гэвэл, 1990 оны Ардчилсан хувьсгалаас хойш Цагаан сарыг орон даяар тэмдэглэх болсон гэсэн буруу ташаа ойлголт зарим хүнд байдгийг залруулах гэсэн зорилгод оршино.

 

 

“Нэгдэлчдийн баяр”-ыг дагуулж анх хийсэн Битүүний бөхийн барилдаан

Монгол бөхийн түүхэнд нэр  хүндээрээ Улсын баяр наадмын дараа орох нэгэн барилдаан XX зууны дунд үед “Нэгдэлчдийн баяр”-тай хоршиж шинээр орж ирсэн нь Цагаан сарын шинийн нэгэнд зориулсан битүүний барилдаан юм. Хамгийн анхныхыг 1963 оны хоёрдугаар сарын 24-нд буюу билгийн тооллын туулай жилийн Цагаан сарын шинийн нэгний өмнөх өдрийн битүүнд “Нэгдэлч малчдын баярын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан” нэртэйгээр зохион явуулсан. Барилдааныг орон даяар радиогоор шууд дамжуулан тайлбарласан байна. Түүнчлэн манай оронд телевиз бий болсноор 1967 оноос жил бүр битүүний бөхийн барилдааныг зурагтаар шууд гаргадаг уламжлал тогтжээ.

Өнгөрсөн хугацаанд битүүний бөхийн барилдаан 57 удаа болсон бөгөөд албан ёсны нэршил нь:

—1963, 1964 онд “Нэгдэлч малчдын баярын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан”,

—1965-1967 онд “Нэгдэлчдийн баярын өдөрт зориулсан МРУХ (Мэдээлэл радиогийн Улсын хороо)-ны нэрэмжит хүчит бөхийн барилдаан”,

—1968 онд “Нэгдэлчдийн баярт зориулсан МРЗРУХ (Мэдээлэл радио, зурагт радиогийн Улсын хороо)-ны нэрэмжит хүчит бөхийн барилдаан”,

—1969, 1970 онд “Нэгдэлчдийн баярт зориулсан МРЗРУХ, ХААНХДЗ (Мэдээлэл радио, зурагт радиогийн Улсын хороо, Хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны Дээд зөвлөл)-ийн нэрэмжит үндэсний бөхийн барилдаан”,

—1971, 1972 онд “Нэгдэлчдийн баярт зориулсан МРТУХ, ХААНХДЗ (Мэдээлэл радио, телевизийн Улсын хороо, Хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны Дээд зөвлөл)-ийн нэрэмжит үндэсний бөхийн барилдаан”,

—1973-1990 онд “Нэгдэлчдийн баярт зориулсан ХААНХДЗ, МРТУХ (Хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны Дээд зөвлөл, Мэдээлэл радио, телевизийн Улсын хороо)-ны нэрэмжит үндэсний бөхийн барилдаан”,


1991 оноос “Цагаан сарын шинийн нэгэн буюу Сар шинийн баярт зориулсан барилдаан” гэж өөрчлөгджээ.

 

Цагаан сард зориулсан БИТҮҮНИЙ БАРИЛДААНЫ ТҮРҮҮ ҮЗҮҮР БӨХ

(Товчлол: д.а-дархан аварга, даян.а-даян аварга, далай.а-далай аварга, у.а-улсын аварга, у.арс-улсын арслан, у.г-улсын гарди, у.з-улсын заан, у.х-улсын харцага, у.н-улсын начин, а.арс-аймгийн арслан, ц.арс-цэргийн арслан. Саран хаалтад хожмоо хүртсэн улсын том цолыг нь бичлээ)

 

Битүүний бөхийн барилдааныг 1963-1998 онд Спортын төв ордонд зохион явуулсан. Харин Монгол бөхийн өргөөг шинээр барьснаас хойш 1999 оноос эхлэн тус өргөөнд хэсэг хугацаанд, Яармагийн дэнжид шинэ “Буянт-Ухаа” спортын ордон ашиглалтад орсноор сүүлийн жилүүдэд тус цогцолборт битүүний бөхийн барилдаан болж байгаа. 1963-2019 оны нийт 57 удаагийн битүүний барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон 13 түрүүлсэн. Х.Баянмөнх аварга найм, Ж.Мөнхбат аварга зургаа түрүүлсэн амжилтаар удаалдаг.

Б.ЕРЭНТЭЙ(МУ-ын СГЗ, сэтгүүлч)

 

SHARE