Н.Номтойбаяр асуудлаа хойшлуулах хүсэлт өгчихөөд утсаа салгаад алга болжээ

 

Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүхэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өнгөрсөн 7 хоногт УИХ-д өгсөн. Энэ дагуу Халдашгүй байдлын дэд хороо хуралдах гэсэн боловч чадаагүй. Ирц хүрээгүй. Хуульд 48 цагийн дотор шийдэхээр заасан ч одоогоор 4-5 хоночихоод байна.
Гэхдээ Н.Номтойбаяр асуудлыг хойшлуулах хүсэлтээ Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдоржид хүргүүлсэн хүсэлтдээ “Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсгээс УИХ, Засгийн газар болон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн хурлаар тус тус гаргасан хамтын шийдвэрүүдийг залгахдаа хууль, журмыг андуурч, улмаар хөдлөшгүй нотлох баримтаар тогтоогдоод байгаа эрх бүхий 15 албан тушаалтны хуралдсан хурлыг “хуралдаагүй, хуурамч хурлын тэмдэглэл үйлдэж” гэж мөн ЦЕГ-аас иргэн Б нас барсантай холбогдуулан надаас гэрчийн мэдүүлэг авсан ба мэдүүлэг өгөхдөө болсон үйл явдлыг үнэнээр мэдүүлж, энэ нь ч өөрийн хүсэлтээр полиграф тест өгснөөр батлагдаж байхад мөрдөгч болон прокурорын зүгээс ямар ч нотлох баримтгүйгээр “зориудаар худал мэдүүлэг өгсөн” гэж тус тус гүтгээд байгаа талаар миний бие 2019 оны 12 сарын 12-ны өдөр хэвлэлээр дамжуулан мэдэгдэл хийхдээ “намайг гүтгэж байгаагаасаа ичдэггүй юм бол миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д оруулаад ир” хэмээн мэдэгдсэн.
АТГ 2019 оны 11 сарын 25-нд надад яллагдагчаар татсан тогтоол танилцуулснаас хойш миний бие өөрийн биеэр мэдүүлэг өгөхөөр очиход, мөрдөгчийн зүгээс “хэргийн материалтай танилцаагүй байна, юу асуухаа одоогоор мэдэхгүй байна” гэх зэрэг тайлбараар өнөөдрийг хүртэл надаас ямар ч мэдүүлэг аваагүй атлаа мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй байгууллагын хүсэлтийг үндэслэн Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д хүргүүлсэн нь хэрэг шалгах ажиллагааны дэс дараалал яаж явагдаж байгаа нь ойлгомжгүй ч миний бие уг саналыг талархан хүлээн авч, гүтгэгдэж байгаа болон гэм буруугүйгээ нотлох боломж гэж харж байна” гэжээ.
Харин Ц.Нямдорж “Энэ долоо хоногт энэ асуудал шийдэгдэнэ. Хүсэлт ирүүлж болох ч хуралдаан хойшлох эсэхийг Н.Номтойбаяр мэддэггүй юм. Дэд хорооны хуралдааныг нээлттэй явуулах боломжгүй. УЕП-оос нууцын зэрэглэлтэй бичиг ирүүлсэн учраас. Н.Номтойбаярын хэлсэн болгоноор явна гэж байхгүй. Байнгын хороо, УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд асуудлыг шийднэ.
Сайд байхдаа хийсэн ажилтай нь холбогдолтой нөгөө нь ордонд болсон явдалтай холбоотой худал мэдүүлэг өгсөн, гурав дахь нь хэвлэлд мэдээлэл өгсөн гэдэг үндэслэлээр УЕП-оос санал ирүүлсэн.
УЕП-ын саналын УИХ 48 цагийн дотор шийднэ гэдэг хуультай. Прокуророос энэ асуудлыг тавихдаа Их хурал, байнгын хороодын ирц бүрэн байна уу үгүй юу гэдгийг анхаарах ёстой. Прокурорын талаас яаруу, адгасан байдал байсан. Үүнээс болж 48 цаг өнгөрлөө, хууль зөрчлөө гэдэг зүйл бий болоод байна” гээд байгаа.
Гэвч энэ асуудал гацаанд орсон байж болзошгүй байна.
Учир нь Н.Номтойбаяр Халдашгүй байдлын дэд хороонд хүсэлт өгчихөөд утсаа салгаад алга болсон байна.
Лав Халдашгүй байдлын дэд хороонны гишүүд болон бусад УИХ-ын гишүүн түүнийг өчигдөр /2020.1.21./-өөс хойш олохгүй байгаа юм байна.

SHARE