Г.ДАВАА: ЗАСАГ ДАРГЫН БАГТ “ОНЦ” ҮНЭЛГЭЭ ӨГНӨ

Аймгийн Засаг дарга Д.Батлутын иргэдтэй хийх уулзалт үргэлжилсээр байна. 3 дугаар сарын 23-ны өдөр Булаг, Баянбулаг, Дэнж, Эрдэнэ багийн иргэдтэй уулзлаа. Уулзалтын үеэр иргэд хүссэн асуултаа асууж, газар дээр нь хариултаа авсан юм.

Асуулт: Т.ЛХАГВАСҮРЭН /Эрдэнэ багийн иргэн/

– “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төр луйварчдаас салгаж авсан уу? Хятад ажилчид олноор орж ирж ажиллах сурагтай байна. Ийм зүйл болохгүй биз дээ?
Хариулт: Д.БАТЛУТ /Орхон аймгийн Засаг дарга/
– 51 хувь нь Монгол улсын Засгийн газрын мэдэлд, 49 хувь нь “Монгол зэс” корпорацийн мэдэлд байгаа. Монгол улсын Засгийн газраасэнэхүү 49 хувийг нь худалдан авах үйл явц хуульд нийцсэн эсэх талаар тодорхой хэмжээний шалгалт хийгээд “худалдан авах ажиллагаа хуулийн хүрээнд явагдаагүй байна” гэсэн дүгнэлт гарсан. Энэ бүхэн цаашид хэрхэн үргэлжлэхийг Эрдэнэтчүүд бид анхааралтай ажиглаж байна.
Хятад ажиллагсдыг олноор нь оруулж ирж ажиллуулах гэж байгаа зүйл нэгээхэн ч үгүй.
Асуулт: Г.ДАВАА /Дэнж багийн иргэн/
– Юуны өмнө Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут харъяа хэлтэс, агентлагийн дарга нар, холбогдох албаны хүмүүсийн хамт бүрэн бүрэлдэхүүнээрээ ард иргэд, өндөр настан бид бүхэнтэй ирж ийнхүү уулзаж байгаад талархалтай байна. Засаг даргын баг, хамт олон богино хугацаанд их зүйл хийж амжуулж байгаа нь ард иргэдэд мэдрэгдэж байгаа. Жирийн иргэн хүний хувьд Засаг даргын баг, хамт олны ажилд “ОНЦ” үнэлгээ өглөө.
Ингээд нэг асуулт байна. Эрүүл мэндийн даатгалаа ашиглаагүй, эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй байгаа иргэдэд ямар нэгэн урамшуулал байдаг уу?
Хариулт: Ш.ЦЭРЭНДУЛАМ /Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн Эрүүл мэндийн улсын байцаагч/ 
– Эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй иргэдийг 2014, 2015 онуудад урамшууллын үзлэг шинжилгээ, оношилгоонд хамруулсан байгаа. БОЭТ болон “Онош” лабраторид  80000-84000 төгрөгийн үнэ бүхий гурван багц оношилгоо, шинжилгээг үнэ төлбөргүй хийлгэх эрх үүссэн. Эрүүл мэндийн тухай шинэчилсэн хуулиар ч мөн энэ асуудал зохицуулагдаж байгаа тул иргэд урьдчилан сэргийлэх, үзлэг оношилгоонд орох боломж нээгднэ. Мөн БОЭТ-д сар бүр 55000, улиралд 165000 төгрөгийн оношилгоо шинжилгээ үнэгүй хийлгэх эрхтэй.
Асуулт: Н.МЯГМАР /Дэнж багийн иргэн/ 
– 2016 оны шат шатны сонгуулийн үр дүнд манай аймгийн удирдлагуудад шинэ залуу эрч хүчтэй, ард иргэдийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй залуус гарч, төр засагт ажиллаж байгаад баяртай байна. Манайх баруун аймгаас Эрдэнэтэд нүүж ирээд суурьшаад 20 шахам жил болж байна. Эрдэнэт бол сайхан хот. Энэ нутаг оронд идээшин дасч байна. БОЭТ-ийн талаар зарим хүн ам муутай байдаг. Харин би өөр бодолтой явдаг юм. Хөдөөгийн алслагдмал сум сууринд эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад үнэхээр хүндрэлтэй байдаг юм. Харин Орхон аймаг төвлөрсөн томоохон хот учир бүх үйлчилгээ нь иргэддээ ойрхон сайхан байна.
Ингээд надад нэг хүсэлт байна. Эмч нар өөх идэж болохгүй гэж зөвлөдөг. Гэтэл малчид, малын эмч нар малд таргалуулдаг тариа хийдэг болсон гэх юм үүнийг болиулж болдоггүй юм уу?
Хариулт: Ж.БАТ-ӨЛЗИЙ /Орхон аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын дарга/ 
– Малд хийдэг “Эвомик” тариа нь  таргалуулдаг үйлчилгээ үзүүлдэггүй. Харин малын дотрох төрөл бүрийн шимэгчдийг устгадаг. Ингээд тарга хүчийг нь сордог шимэгчдээсээ ангижирсан мал сайхан тарга хүч авч байгаа хэрэг юм. Харин зарим вакцины хувьд малд тарьснаас хойш мах сүүг нь тодорхой хугацаанд хүнсэнд хэрэглэдэггүй зүйл бий. Үүнд малын эмч холбогдох хүмүүс хяналт тавьж ажилладаг. Тэгэхээр үүнд санаа зовох хэрэггүй.
Иргэдтэй хийх уулзалтын үеэр Нийтийн тээвэр, Эрүүл мэндийн үйлчилгээ, захын гэр хороолуудын дэд бүтэцийг сайжруулах гэх мэт олон нийтлэг санал хүсэлтүүд гарч байсан бөгөөд эдгээрийг цаашид аль болох шийдвэрлэж, хэрэгжүүлж ажиллах талаар удирдлагууд хэлж байлаа. Түүнчлэн өрхийн үйлдвэрлэл эрхлэх боломж бүхий эрт тэтгэвэрт гарсан ахмадууд, хөдөлмөр эрхлэх боломжтой хөгжлийн бэрхшээлтэй иргэд “Итгэлийн зээл”-ийг цаг үеэ олсон сайхан ажил байна хэмээн талархан хүлээн авч байлаа.
Эх сурвалж: erdenet.mn
SHARE