Оросын баг тамирчдыг олимпийн наадам, ДАШТ-д оролцохыг хориглолоо

Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагаас /WADA/ Оросын баг тамирчдыг олимпийн наадам болон Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг дөрвөн жилийн хугацаатайгаар хассанаа зарлалаа.

Өнөөдөр Швейцарийн Лозанн хотноо Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагийн Гүйцэтгэх хорооны хурал болж, санал нэгтэйгээр ийм шийдвэр гаргажээ. Мөн ойрын дөрвөн жилийн хугацаанд ОХУ-д аль ч спортын төрлөөр дэлхийн хэмжээний томоохон уралдаан тэмцээн зохион явуулахгүй байхаар шийджээ.ОХУ-ын шигшээ багийн албан тушаалтнууд уралдаан тэмцээнд очих мөн эрхгүй болсон байна.

Гэхдээ Оросын допингд нэр холбогдоогүй баг тамирчид олимпийн наадам болон ДАШТ-д оролцох эрхтэй ч төрийн далбаан дороо жагсахгүй, мөн төрийн дууллаа эгшиглүүлэх эрхгүй байх гэнэ.

2012-2015 онд Москва дахь Допингийн лабораторид зарим тамирчдын шинжилгээний хариуг өөрчлөн бичсэн явдал илэрснээр ийнхүү хатуу хориг тавихад хүрчээ.

ОХУ-ын тал ойрын 21 хоногийн хугацаанд давж заалдах эрхтэй юм байна.

News1.mn Р.Гэгээ

SHARE