Леонардо Ди Каприог Амазоны ойг шатаасан хэрэгт буруутгав

“Оскар”-ын шагналт жүжигчин Леонардо Ди Каприог Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару Амазоны ойг шатаасан хэрэгт буруутгалаа. Түүний өгүүлснээр бол Леонардо Ди Каприогоос ойг сэргээн төлжүүлэх хөрөнгө мөнгө авахын тулд хэсэг бүлэг этгээд зориудаар Амазоны ойг шатаадаг гэнэ.

“Ойг шатаачихаад зургийг нь аваад Ди Каприо руу илгээдэг. Тэгээд тэдэнд 500 мянган ам.долларын хандивыг Ди Каприо олгодог. Тиймээс л Амазоны ой шатаад байна” гэж Жаир Болсонару мэдэгджээ.

Жүжигчин эр ч үүнийг дуулаад дуугүй суулгүй “Хэдийгээр Амазоны ойг хайрлаж, хамгаалах ёстой ч гэсэн бид шударга бус үйл ажиллагаа явуулдаг байгууллагад хэзээ ч хөрөнгө оруулалт хийж байгаагүй” гэж мэдэгдсэн байна.

Леонардо Ди Каприо байгаль, экологийг хайрлаж хамгаалах тал дээр идэвхтэй ажилладаг нэгэн. Тэрбээр сүүлийн жилүүдэд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дээр анхаарч ажиллаж буй юм. Амазоны сав газрын ой мод олон мянган га газрыг эзэлдэг учир дэлхийн атмосфер дэх хүчилтөрөгчийн томоохон хувийг бүрдүүлдэг юм.

News1.mn Р.Гэгээ

SHARE