Маргаашаас хүйтний эрч суларна

ЦУОШГ-аас мэдээлснээр энэ сарын 21-нд баруун аймгийн зарим газраар цас, 19-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулс, Орхон-Сэлэнгийн бэлчрээр, 22-нд нутгийн хойд хэсгээр  ялимгүй цас орно.

Салхи 19, 20-нд Алтайн салбар уулсаар, 21-нд баруун аймгийн ихэнх нутгаар, 22-нд зарим нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.

Харин энэ сарын 19-нд баруун аймгаар, 20-21-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус хүйтэрнэ.

Мөн Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг-үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх  голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус өдөртөө 0-5 градус байх гэнэ.

Бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр  хүйтэрнэ.

SHARE