У.Хүрэлсүх: Б.Болороогийн нөхрийн амь насаа алдсан хэргийг эхнээс нь шалгана

Чингисийн талбайд 10 дахь өдрөө суулт зарлаж буй иргэн Б.Болороотой ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЦЕГ-ын дарга С.Баатаржав нар уулзлаа.

Энэ үеэр ерөнхий сайд У.Хүрэлсүх “ХЗДХЯ-ны сайд Ц.Нямдоржтой уулзаж, уг асуудлын талаар хэлэлцэн, хэргийн мөрдөн байцаах ажиллагааг эхнээс нь явуулж, 3-5 хүний бүрэлдэхүүнтэй нарийн мэргэжлийн эмч нараар хөндлөнгийн дүгнэлт гаргуулна” гэлээ.

Иймд иргэн Б.Болороо болон түүний ээж суултаа зогсооно гэж мэдэгдлээ. Тэдний хувьд шаардлагыг нь хүлээж авахгүй бол энэ сарын 15-аас нойтон өлсгөлөн зарлана гэж мэдэгдээд байсан юм.

Б.Болороогийн нөхөр Хишиг арвин индустриал ХХК-д ажиллаж байхдаа зургадугаар сарын 19-нд лифтний хонгилд унаж амиа алдсан юм. Гэвч ар гэрийнхэнд нь хяналтын камерын бичлэгээ үзүүлээгүйн улмаас цогцсыг 19 хоногийн дараа олсон байна.

Мөн шүүх эмнэлгээс нас барах үед согтолтын зэрэг 2.4 байсан гэх дүгнэлт гаргасан юм. Харин иргэн Б.Болороо шүүх эмнэлгийн дүгнэлтийг үгүйсгэн, хэргийг үнэн зөв, шударгаар шийдэхийг шаардан Чингисийн талбайд суулт зарласан байна.

SHARE