Ашиглагдах боломжгүй НДШ-ээс татгалзах уу

Эрх баригчид ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахгүй л бол бид болохгүй нь. Үүний тулд улс, иргэд бүсээ чангалж, зарлагаа танаж, орологоо нэмэгдүүлэх хэрэгтэй, санхүүгийн сахилга батаа сайжруулах шаардлагатай гэж байсан нь саяхан. Үүнийг нь иргэд, ААН-үүд ч хүлээн зөвшөөрч, өнөөг хүртэл Засгийн газартай зөвшилцсөөр ирсэн тухай МҮЭХ-ныхон хэлж байна. Харин энэ удаа бол зөвшилцөж чадахгүй гэдгээ тэд мэдэгдлээ.    

Учир нь ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Нийгмийн даатгалын шимтгэлийг /НДШ/ дахин нэмэгдүүлэхээр улсын төсөвт суулгаад байгаа юм. Тиймээс МҮЭХ энэ шийдвэрээ өөрчилж, шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байхыг шаардаж мэдээлэл хийсэн. Энэ оны аравдугаар сарын байдлаар 417 мянган даатгуулагч cap бүр улсдаа татвар төлдөг гэх тоон үзүүлэлт бий. Гэтэл энэ даатгуулагчид улсад төлж буй татварынхаа үр шимийг үзэж чадалгүй, хорвоог орхисоор байна.

Иргэд, тэдний эрх ашгийг хамгаалахын тулд ажиллаж байгаа МҮЭХ-ныхон ч улсын эдийн засаг, хөгжлийн бодлогод нийцүүлэн хамтран ойлголцож, хүлээцтэй хандаж ирсэн. Харамсалтай нь төр бодлогоор иргэд, аж ахуйн нэгжээ дэмжих байтугай бүр эсрэгээрээ ажиллаж, санхүүгийн хувьд дарамт учруулсаар байна. Ирэх жил энэ байдал бүр ч гаарч, иргэдийн нуруунд очих ачаалал нэмэгдэх нь.

Энэ талаар МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Анх ОУВС-гийн өргөтгсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсан учраас хэмээн Засгийн газар НДШ-ийг нэмэгдүүлсэн. Бид ч зөвшөөрсөн. Засгийн газар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нар 2020 оноос Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байх бүх арга хэмжээг авна гэж амлалт өгсөн. Харамсалтай нь, энэ амлалтаа мартаж ирэх оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс Нийгмийн даатгалын шимтгэлийг дахин нэмэгдүүлэх саналыг Монгол Улсын 2020 оны  төсвөөр хэлэлцүүлэх асуудалд оруулж ирсэн нь бидний дургүйцлыг хүргэж байна” гэсэн юм.

Монгол Улс 2017 оны тавдугаар сард Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт гурван жилийн хугацаатай хамрагдсан билээ.Хөтөлбөрийн хүрээнд зарим төрлийн татварыг үе шаттай нэмэгдүүлэх үүрэг хүлээж, нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг 5 хувь хүртэл үе шаттайгаар нэмэгдүүлэхээр болсон. Өнгөрсөн 2018 онд НДШ-ийг хоёр хувиар нэмсэн бол 2019 онд ажилтан, ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ тус бүр нэг хувиар нэмэгдүүлсэн. Харин ирэх 2020 онд тус бүр хоёр хувиар нэмэхээр тусгасан нь ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд НДШ-ийн хэмжээг нийт 15 хувьд хүргэх гэж байна.

Үнэн хэрэгтээ төрийн нэр, хуулийн хүчээр далайлган улстөрчид энгийн иргэд, аж ахуйн нэгжүүдээ сорсоор байгааг хүлээн зөвшөөрч, эдийн засгийн өсөлтийг бий болгоно гэдэгт иргэдийн итгэл буурч байна. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан хэмээн НДШ зэргийг нэмэгдүүлж, санхүүгийн сахилга баттай болж байгаа мэт  харагдаж байсан. Бодит байдал дээр ахиц, дэвшил гаргаагүйг нь ФАТФ байгууллагаас баталж “саарал жагсаалт”-д багтаачихсан. Иргэдээ л хуураад байгаагаас олон улсын байгууллагууд тэдний овоо хараандаа авчихаад байгааг огт ойлгохгүй байна гэж байх уу.

Аж ахуйн нэгжүүдийн хувьд хэдэн ажилтныхаа НДШ, ЭМД зэргийг төлсөөр байтал улс түүнийх нь хувь хэмжээг дахин нэмэгдүүлнэ гэдэг орлого, ашгаас нь татаас авч буй хэлбэр. Тэгэхээр ААН, компаниуд олон ажилтантай байж, татвар, татаас ихээр төлөхийг хүсэхгүй байх нь энгийн л ойлголт. Жижиг болон шинэ ААН, компаниудын хувьд өсөн дэвжих байтугай харин ч данс нь улам бүр улайссан үзүүллэлтэй гарахын цондон.

Нөгөө талдаа ажил хийж, хөдөлмөр эрхэлсэн ч хамаг шимтгэл нь өсч, гарт очиж, гэрт орох ёстой үндсэн цалин нь багассан тохиолдолд иргэд цаашид хэрхэн амьдралаа залгуулах вэ. Ирээдүйд итгэх итгэл үнэмшлээр НДШ төлсөөр ирсэн ч тэтгэвэрт гартлаа түүнийхээ үр шимийг үзэж чадахгүй байна. Ядаж л эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхэд л хууль, журмын зохицуулалт нэрээр хамаг төлбөрийг НДШ, ЭМДШ-ээс бус халааснаасаа гаргаж, хандив, тусламжаар л эмчлүүлж байна.

Улсад хохиролтой хэдий ч шулуухан хэлэхэд шулуулан, шулуулан НДШ төлөх нь хэнд, юунд хэрэгтэй гэдгийг өнөө цагт ойлгоход бэрх боллоо. Улсад биш юмаа гэхэд дэргэдэхдээ найдаж амьдарч, тэтгэвэр хүртэх болов уу гэтэл төр дээрэм хийгээд, хамтын тэтгэвэрийг цуцалчихсан байдаг. Хэдэн ААН, иргэн нь НДШ, ЭМД төллөө гэхэд өнөө мөнгийг нь сайд, дарга нар нь хамгийн муу гэсэн банканд аваачиж хийгээд, дампуурчихсөөн гээд сууж байх жишээний.

Гэтэл ирэх жил 25 хувийн татвар төлнө, түүний 18 хувь нь ирээдүйн тэтгэврийн санд чинь орно шүү дээ гээд ухуулаад байдаг. Иргэд үүнд итгэхээсээ өнгөрсөн. Харин ч эсрэгээрээ татвар төлдөггүй бол цалингаасаа илүүчилж, өөрсдийн сонгосон найдвартай банканд хүүтэй хадгалуулахыг илүүд үзэх биз. Иргэдийн хувьд ёстой л том нь банканд, жижиг нь ТҮЦ-нд өртэй амьдарч байгааг мөнгө,санхүүтэй холбоотой ямар ч бүртгэл, судалгаанаас харж болно. Үндсэндээ нэг талд хэзээ ч үр шимийг нь үзэхгүй НДШ төлж, нөгөө талдаа үхэн үхтэлээ өр, зээл төлж, үр хүүхэддээ өв хөрөнгө бус өнөө зээлийн өрөө л үлдээдэг гунигт түүхүүд бий болсоор байгаа.

Сонгууль дөхмөгц иргэдэд сайхан амлаж, парламентад суучихаад түүнээсээ буцах байтугай эрх баригчид төр, даатгалын нэрээр сонгуулийн мөнгөө хийдэг болсон. Өөрсдийн сонгуулийн сурталчилгаанд ашиглах мөнгөө иргэдээс татвар хэлбэрээр авдаг ардчиллыг хүсээгүй л юм шүү эрх баригчид аа.  

Эх сурвалж: Erennews.mn

SHARE