“Байгаль эх хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг Дундговь аймагт боллоо

“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, “Босоо хөх Монгол” ТББ, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-тай хамтран зохион байгуулж буй “Байгаль эх, хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг энэ сарын 4-ний өдөр Дундговь аймагт боллоо.

Хэлэлцүүлэгт Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Д.Энхбат, “Босоо хөх Монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Ц.Баяраа, УИХ-ын гишүүн Монгол улсын сайд-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга асан, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор болон аймгийн Мэргэлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Цагдаагийн газар, Татварын хэлтэс, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Баянжаргалан, Өлзийт, Хулд, Луус, Сайнцагаан сумдын удирдлагууд, байгаль орчны улсын байцаагч, бичил уурхайн нөхөрлөл, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 200 орчим хүн оролцсон юм.

Хэлэлцүүлгийн үеэр аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ Дундговь аймгийн уул уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал болон санал, шийдлүүдийг танилцуулав. Мөн хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс сонирхсон асуултууддаа хариулт авч, цаашид тус салбарт анхаарах асуудлын талаар санал бодлоо илэрхийлсэн аж.

SHARE