ШУУРХАЙ: Ц.Амгаланбаатарыг шүүх танхимд авч ирж, шүүгчид зөвлөлдөж байна

Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, мөрдөгч, хурандаа О.Бархасбадь, О.Бямбажав, Гүйцэтгэх албаны ажилтан С.Баяр, Ж.Мөнхгал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэлтсийн дарга, Б.Хурцын хадам дүү, хурандаа Ү.Отгонбаяр, мөн газрын Цагдан хорих ангийн төлөөлөгч С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт холбогдох хэргийн шүүх өнөөдөр 10:00 цагт эхэллээ. Шүүх хуралд шүүгчээр Ц.Отгонжаргал, Ю.Энхмаа, Т.Батжаргал, өмгөөлөгчөөр Г.Цолмонгэрэл, П.Туул нарын 17 хүн, гэрчээр Б.Булган, хохирогчоор Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар оролцож байна.

Шүүх хурал эхлэхэд хоригдол Ц.Амгаланбаатарыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулахын тулд хорих ангиас авчрахаар болж хурлыг 14:00 цаг хүртэл хойшлуулсан юм. Энэ үеэр зарим шүүгдэгчид сэтгүүлчдийн асуултад хариулжээ.

Б.Хурц:

ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц сэтгүүлчдийн “Эрүүдэн шүүх тушаалыг та өгсөн үү” хэмээн асуухад тэрбээр “Тийм зүйл байхгүй. Юу гэж. Тушаал өгөөгүй. Шүүх хурал дуусаагүй байна” гэжээ. Шүүгдэгчдийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Г.Батбаяр нарын хүмүүс байгаа аж.

Г.Эрдэнэбат:

Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат “Ялтнуудыг эрүүдэн шүүсэн тухай мэдээгүй. Бид нарт мэдэх боломжгүй зүйлс гэж бий. Хэргийг хэрэгсэхгүй болгох талаар ч би мэдэхгүй. Тэр бол өмгөөлөгчийн байр суурь байх” гэж байна.

Өмгөөлөгч Г.Батбаяр:

Өмгөөлөгч Г.Батбаяр нууцын зэрэглэлтэй хэрэгт оролцож байгаа учир яг хэнийг өмгөөлж байгаагаа хэлээгүй байна. Тэрээр “Энэ хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн байр суурьтай оролцож байгаа. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх этгээд нь хоригдол Ц.Амгаланбаатар шүү дээ. Тиймээс үүнийг мэдсээр байж мөрдөн байцаагчид мэтээр иргэдэд ойлгуулж болохгүй. Гэтэл одоо онц хүнд гэмт хэргийг илрүүлсэн хуулийнхнийг буруутгаж болохгүй” гэжээ.

 

Б.Хурц нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133.1, 251.1-т заасан зүйл ангиар буруутган шүүнэ. Тус зүйл ангид,

133.1. Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

251.1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

Гэрчээр Ц.Амгаланбаатарыг авч ирснээр шүүх хурал эхэллээ.

Эх сурвалж: news1.mn Г.НЯМ

SHARE