Эцэг эхчүүдээс авлига авч байгаад баригдсан Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэ шүүхийн шийдвэрийг эсэргүүцжээ

Нийслэлийн Нэгдүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч асан Г.Бум-Эрдэнэ нарт холбогдох хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хэлэлцэв.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Г.Бум-Эрдэнийг 12 сая төгрөгөөр торгох ял оноосон юм. Харин Авлигын эсрэг хууль болон Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрмээ зөрчиж, авлигын хэрэгт хамтран оролцож, өөртөө болон танилууддаа хууль бус давуу байдал бий болгосон үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Ч.Мөнхбатыг 10 сая, Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 32 дугаар сургуулийн захирал Г.Мөнхбаяр, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн дэд захирал О.Оюунтунгалаг болон дээрх хүмүүст хахууль өгсөн хэрэгт холбогдсон А.Уянга, А.Баянмөнх, М.Бат-Эрдэнэ нарыг тус бүр 2.7 сая төгрөгөөр торгохоор шийдвэрлээд, дээрх албан тушаалтнуудын төрийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасаад байсан юм.

Энэхүү шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу ийнхүү давж заалдах шатны шүүх хурал болжээ. Шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэж, гэм бурууд нь тохирсон ял шийтгэсэн гэж үзэн шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, торгох ялыг нь хэвээр үлдээлээ.

Хэргийг сануулбал, Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэ болон нийслэлийн Боловсролын газар, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Хан-Уул дүүргийн 32 дугаар сургуулийн эрх бүхий албан тушаалтнуудыг үгсэн тохирч, хамран сургах тойргийн бус хүүхдүүдийг нэгдүгээр сургуульд элсүүлэх, шилжүүлэн суралцуулсныхаа төлөө эцэг, эх нараас удаа дараа хахууль авсан хэмээн буруутган АТГ-аас шалгаж эхэлсэн байдаг. Тодруулбал, тэрээр авлига авч байсан үйлдэл дээрээ баригдсан хэмээн тухайн үед хэвлэлүүд мэдээлж байсан юм.

Эх сурвалж: news1.mn Г.НЯМ

SHARE