Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн авсангүй

Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.07.16) нэгдсэн хуралдаан 15 цаг 21 минутад гишүүдийн 58.7 хувийн ирцтэй эхэлж, Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. Энэ талаарх танилцуулгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүн  Н.Чинбат, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан нар тус тус  танилцууллаа.

Үндсэн хуулийн цэц 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Тавдугаар зүйлийн 4, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн байна. Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тус хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон аж.

    Үндсэн хуулийн цэц Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд … нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төр нь … аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчсөн байна хэмээн дүгнэжээ. 

    Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд … нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчөөгүй байна гэжээ. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд … нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус түдгэлзүүлсүгэй гэжээ.
    УИХ-ын Эдийн засгийн болон Хууль зүйн байнгын хороо 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа цэцийн 03 дугаар дүгнэлтийг тус тус хэлэлцэж, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байна. Цэцийн дүгнэлт болон Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Д.Дамба-Очир, Т.Аюурсайхан, Ж.Ганбаатар, Н.Амарзаяа, Я.Содбаатар нар санал хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Байнгын хороодын саналын томьёоллын дагуу Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэнийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа.  
SHARE