Шүүгч Ж.Оюунтунгалаг: АТГ-аас “Салхитын мөнгөний ордын хэрэгт нөлөөлсөн үү” гэж асуусан

Ерөнхийлөгчийн зарлигаар эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчээс гурван шүүгчийг АТГ-аас өнгөрсөн баасан гаригт дуудаж байцаалт авсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Мөн энэ үеэр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн гэрт нэгжлэг хийжээ. Тэрээр энэ талаар дөнгөж сая хэвлэлийн бага хурал зарлалаа.

Тэрээр “Би 2012 оноос  2019 оны хооронд шүүгчээр ажиллаж байхдаа янз бүрийн хууль бус үйлдэлд холбогдож байгаагүй, өндөр албан тушаалтан хүмүүстэй хэлхээ холбоо үүсгэж байгаагүй надаар үйлчлүүлж байсан энгийн иргэд, оюутан сурагчид, хамт ажиллагсад маань мэднэ гэж би найдаж байна. Монгол Улсад шүүх, хууль хяналтын байгууллага хээл хахуульд автаж ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гэж үзэж иргэд гомдол санал гаргаж байгаа бол энэ асуудлыг шийдэх нь зөв. Гэхдээ хууль зүйн хүрээнд шийднэ гэж найдаж байна. Шүүхийн байгууллагад 2012 оноос хойш ачаалал маш их нэмэгдсэн. 2012 онд бид 900 хэрэг маргааныг хянадаг байсан бол 2018 онд 2500 хэрэг шийдвэрлэсэн. 2018  онд би 1300 орчим хэргийг даргалсан. Ерөнхий шүүгч ажлын ачааллыг даах ёстой, үүрэх ёстой гэдэг үүднээс би даргалж ордог. Шүүгчдээс хэн даргалах тухайд Шүүгчдийн зөвлөгөөнөөс шийддэг. Би тэр Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийг мэдэхгүй. 2017 онд манай шүүхээр 2200 хэрэг орнсоос 1100-д нь би орсон. Тэдгээр хэрэг дунд энэ ордын тухай байсныг санахгүй байна. Хэвлэл дээр гараад байгаачлан Мөнгөншагай гэдэг хүний нэхэмжлэлтэй хэрэг орсон. Үүнд манай шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлээд анхан шатанд нь буцаасан. Харин манай шийдвэрийг Улсын дээд шүүхээс буруу гээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг. Тиймээс хэрэг шийдсэнээс шүүгчийг байцааж буруутгаж байгаа гэж би бодохгүй байгаа. АТГ-аас олон зүйл асуугаагүй. Та энэ хэрэгт нөлөөлсөн үү, танд энэ хэргийн талаар ямар нэгэн хүн хандсан уу гэж  л асуусан. Мөрдөн байцаах үйл ажиллагаанд саад учруулах эрсдэлтэй учраас өөр зүйл яримааргүй байна” гэлээ.

Эх сурвалж: news1.mn Г.НЯМ

 

SHARE