З.Энхболд мөрдөн байцаалтын нууц задруулсан уу

Өнөө өглөө /2019.6.26/-ний “сенсаци”-ийг ЕТГ-ын дарга З.Энхболд тарилаа. Тэрээр АТГ-т очиж гэрчийн мэдүүлэг өгснөө тус газрын үүднээс цахим сүлжээний шууд бичлэгээр олон нийтэд мэдээлэв.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авах ажиллагааг тухайн үед УИХ-ын дарга байсан З.Энхболд мэдэж байсан гэж мэдүүлсэн бололтой. Тиймээс АТГ-ынхан түүнийг дуудаж гэрчийн мэдүүлэг авчээ.

Харин З.Энхболдын мэдүүлэг өгчихөөд гарч ирээд хийсэн шууд бичлэг дэх ярианаас үзэхүл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нь З.Энхболдыг, бас Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдоржийг энэ талаар мэдэж байсан гэсэн байх магадлалтай байна. Эсвэл З.Энхболд өөрөө “Ц.Элбэгдорж тэрийг мэдэхийн цаагуур мэдэж байсан” гэж мэдүүлэг өгсөн үү гэхээр ч харагдаж байна. Энэ нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг АТГ-ыг хүндрүүлэлгүй ирж мэдүүлгээ өг гэж “уриад” байгаагаас харагдаж байна.

Энд нэг асуудал байна. Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар оролцогч, зохигчид мэдээллийг олон нийтэд хүргэх хориотой байдаг. Энэ утгаараа З.Энхболд хэргийн мөрдөн байцаалтын явцын талаар ингэж шууд бичлэг хийж ярьсан нь мөрдөн байцаалтын нууц уу үгүй юу гэдгийг АТГ анхаарах биз ээ.

Ямартай ч тухайн үеийн төрийн гурван өндөрлөг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн худалдан авсан асуудалд ямар нэг байдлаар гогцоодуулж дэгээдүүлээд авчээ.

Гэхдээ асуудлын мөн чанарын хувьд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авсан нь гэмт хэрэг мөн биш нь ихээхэн эргэлзээтэй юм.

SHARE