Санчес: Бид Месситэй селфидэх гэж биш хөлбөмбөг тоглохоор ирсэн

Америкийн цомын В хэсгийн сүүлчийн тойргийн тоглолтууд Улаанбаатарын цагаар өнөө шөнө 03:00-д эхэлнэ. Энэ хэсгийг Колумб зургаан оноотойгоор тэргүүлж, Парагвай хоёр оноотой, Катар, Аргентин тус бүр нэг оноотой яваа. Сүүлчийн тойрогт Аргентин-Катар таарсан. Катарт тэнцээ хангалттай бол Аргентины шигшээ хэсгээсээ гарахын тулд заавал хожих шаардлагатай. Катарын шигшээ багийн дасгалжуудагч Феликс Санчес ийн өгүүлжээ.

“Өмнөд Америкт биднийг сайн мэдэхгүй. Гэлээ ч манай багт мэргэжлийн хөлбөмбөгчид бий. Бид энд Месситэй селфидэх гэж биш харин хөлбөмбөг тоглох гэж ирсэн. Мэдээж, Аргентины шигшээ хожих магадлал илүү өндөр. Тэгээд ч тэдэнд хожил л хэрэгтэй. Харин бид тэдэнтэй тэнцүүхэн өрсөлдөхийг хичээх болно. Олдсон боломжоо ашиглана гэсэн өөдрөг сэтгэлтэйгээр талбайд гарна” хэмээн Феликс Санчес мэдэгджээ.

Харин Аргентины шигшээ багийн ахлах дасгалжуулагч Лионель Скалони “Бид энэ тоглолтод маш сайн бэлдлээ. Өмнөх тоглолтуудын хуудсыг бүрэн эргүүлж, шинэ замыг эхлүүлье. Хожвол бид дараагийн шатанд шалгарна. Энэ л хамгийн чухал. Одоо манай залуус хожно гэсэн сэтгэлзүйтэй л гарах хэрэгтэй. Катар бол хэцүү өрсөлдөгч. Тэд Азийн аваргууд. Дасгалжуулагч ч сайтай. Тэдэнд ч дараагийн шатанд шалгарах боломж бий” гэжээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE