Биеэ үнэлэгчээр үйлчлүүлсэн Никарагуагийн гурван хөлбөмбөгч шигшээгээсээ хөөгдлөө

Энэ зун Өмнөд Америк, Африкийн цомын тэмцээн болж буйгаас гадна мөн Хойд Америкийн цомын тэмцээн үргэлжилж байна. Тус тэмцээнд оролцож буй Никарагуагийн шигшээ багийн гурван хөлбөмбөгч Коста-Рикад 0:4-өөр хожигдсоны тоглолтын орой шөнө дөл болтол наргиж цэнгэсний зэрэгцээ биеэ үнэлэгчээр үйлчлүүлсний улмаас шигшээ багаасаа хөөгджээ.

“Шөнийн 1 цагийн үед зочид буудлын хамгаалагч намайг сэрээж, манай багийн Марлон Лопес Морено, Карлос Монтенегро, Карлос Чаварриа гурав өрөөндөө хэнтэй хэрхэн орсныг хяналтын камерын бичлэгээс харуулсан. Ингээд би Чаварриа, Монтенегро хоёртой тэр даруй уулзаж, шигшээ багаас хөөснөө хэлээд, юмаа бэлдээд яв гэсэн. Дараа нь зочид буудлын хамгаалагч намайг Лопесийн өрөөнд оруулахад тэнд нэг бүсгүй шүршүүрээс гарч байлаа. Тэгэхээр нь би Лопест “Наад ажлаа дуусгачихаад гэртээ хариарай” гэж хэлсэн” хэмээн Никарагуагийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Анри Дуарте өгүүлжээ.

Тэмцээний дундуур шигшээдээ нэмж тоглогч авах эрхгүй тул Никарагуагийн шигшээ баг ийнхүү 20 тоглогчтой үлджээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE