Фалькао: Мессигийн дэлхийн шилдэг гэгдэж буйн л төлөөс юм даа

Америкийн цомын хэсгийн эхний тоглолтдоо Аргентины шигшээ колумбчуудад 0:2-оор хожигдсон. Лионель Месси багаа ахлан гарсан ч хожигдсон тул түүнийг шүүмжлэх, дахиад л шигшээтэйгээ ямар нэгэн цомгүй буцах нь гэх яриа гарч эхлэв.

Тэгвэл Аргентиныг хожиход Мессигийн өөдөөс мөн ахлагчийн туузтай гарсан Колумбын шигшээгийн довтлогч Радамель Фалькао энэ сэдвээр ийн өгүүлжээ.

“Хэрвээ Месси нэг гоол оруулбал хүмүүс “Яагаад хоёрыг оруулсангүй вэ?” гэнэ. Мөн нэг гоолын дамжуулалт өгвөл “Яагаад ганцаас илүү дамжуулалт өгчихөж болдоггүй юм бэ?” гэнэ дээ.

Сайн тоглоод гялалзаад байвал “Өрсөлдөгч багийнх нь хамгаалагчид ийм муу хойно аргагүй” гэж хэлнэ. Хаалттай цохилтоос гоол оруулчихвал “Өө, хана ингэж тавихаар аргагүй шүү дээ” гэж шогширно. Хэрвээ Аргентины шигшээ хожигдвол Мессид л бурууг тохно.

Гэхдээ энэ бүхэн түүний дэлхийн шилдэг гэгдэж буйн л төлөөс юм даа” хэмээн Фалькао өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE