Аль-Хелаифи: Оддыг цаашид онцгойлон эрхлүүлэхгүй

Арабын тэрбумтны их хөрөнгөөр Францын ПСЖ огцом сайжирч, дотооддоо өрсөлдөгчгүй шахам болсон бол Европын тавцанд одоогоор томоохон амжилтад хүрээгүй байна.

Дэлхийн хөлбөмбөгийн түүхэн дэх үнийн дээд хязгаарыг 222 сая еврогоор тогтоогоод буй Парисын багийн ерөнхийлөгч Нассер Аль-Хелаифи цаашид оддыг бусад тоглогчдоос онцгойлон авч үзэхгүй гэдгээ зарлажээ. Тус багийн дотоод бодлогод мэдэгдэхүйц өөрчлөлт орж буй бололтой.

“Цаашид би багийнхаа хөлбөмбөгчдөд бүгдэд нь яг ижил тэгш хандаж, нэг ижил үүрэг даалгавар өгнө гэж бодож байна. Супер од гэж онцгойлон авч үзэхээ болино. Хөлбөмбөгч хүн үүргээ биелүүлэх ёстой. Цаашид ажлаа өмнөхөөсөө ч илүү сайн, хариуцлагатай хийх ёстой.

Одоо бид бодлого өөрчлөгдсөн. Супер одод гэгддэг хөлбөмбөгчид талбай дээр илүү их ажиллах ёстой. Тэд энд наргиж цэнгэж, таашаал авах гэж ирээгүй, ажиллах гэж ирсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй нэгэн байвал гараад явахад хаалга маань нээлттэй” хэмээн Аль-Хелаифи өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE