Т.Аюурсайхан: Хар тамхи зөөсөн дипломатууд сүлжээний оролцогчид мөн эсэх мэдээллийг хуулийнхнаас хаалттай байдлаар авлаа

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар гадаадад дипломат ажилтнууд хар тамхины хэрэгт холбогдсон талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хаалттай мэдээлэл хийсэн юм. Уг мэдээллийн талаар тус байнгын хорооны дарга Т.Аюурсайхан сэтгүүлчдэд мэдээлэл өгчээ.

Тэрээр “Дипломат төлөөлөгчийн газрын албан хаагчид хэрэг зөрчилд оролцох асуудал байсаар ирсэн. Олон нийтийн дунд болон бидэнд ирдэг мэдээллээр тамхины наймаанд оролцох асуудал байдаг байсан. Нэг эргэлтээрээ 20-30 мянган еврогийн хэмжээтэй тамхи зөөдөг байсан бол одоо хар тамхи зөөдөг наймаанд оролцдог болсон байна. Нэг удаагийн эргэлт нь гурван сая еврогийн хэмжээтэй байх жишээний. Тиймээс төрөөс шийдэмгий арга хэмжээ авах шаардлагатай байна. Энэ бол Монголын нэр хүндийн асуудал болоод байна. Асуудал эгзэгтэй, ноцтой нөхцөл байдалтай байна. Зөвхөн 1-2 удаагийн үйлдэл биш байна. Энэ асуудал дээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон УИХ-ын даргын зөвлөл шийдсэний үндсэн дээр өнөөдөр Гадаад харилцааны сайдын мэдээллийг сонслоо. Мэдээлэл сонсоход Тагнуулын ерөнхий газрын дарга, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга оролцлоо.

Хуулийн байгууллагуудын хийж хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд нууцлалтай байдаг учраас мэдээллийг хаалттай хийсэн. Мөн зарим хүмүүстэй холбоотой мэдээллүүд нууцын журмаар ирсэн учраас хуулийн дагуу хаалттай хийсэн. Бид хуралдаанаар томилгооны асуудлыг нухацтай ярилцлаа. Томилгоо оновчгүй учраас тэдгээр хүмүүс асуудалд ороод байна. Үүнд хэн хяналт тавьж, хэн хариуцах вэ, яаж таслан зогсоох вэ гэдгийг ярилцлаа. Ингээд зөвхөн ярилцаад зогсохгүй байнгын хорооноос тогтоол батлах нь зүйтэй гэж үзсэн.

Байнгын хорооноос томилгоо хийхтэй холбоотой асуудлуудыг үүрэгжүүллээ. Томилгоо хийж байгаа болон томилогдож байгаа этгээдүүдийн хариуцлагыг чангатгах чиглэлд анхаарах. Түүнчлэн хар тамхитай холбоотой байгууллагуудыг бэхжүүлэх, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах. Мөн дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүнүүд болон Гадаад харилцааны яам дипломат пасспортуудыг хянах хэрэгтэй. Нэг хүнд хоёр дипломат пасспорт байгааг таслан зогсоох шаардлагатай. Хэрэг зөрчилд холбогдоод нэгийг нь хураалгахад нөгөөг нь ашиглах боломжтой байна. Мөн автомашинд дипломат дугаар олгож байгаа үйл ажиллагаанд хяналт тавьж, хариуцлага хүлээлгэдэг болгох хэрэгтэй байна.

Мөн ГХЯ болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хамтраад дипломат төлөөлөгчийн газруудад хар тамхитай холбоотой хяналт, шалгалт хийх асуудлыг тусгасан. Ийм агуулгатай тогтоолын төслийг гишүүд дэмжсэн. Сүүлийн хар тамхитай хэрэгтэй холбоотой хэрэг зөрчил дээр хоёр хүн хилийн чанадад саатуулагдаад шалгагдаж байгаа. Тухайн үйлдэл нь хэдэн удаагийн давтамжтай, сүлжээний оролцогчид уу үгүй юу гэдэг мэдээллийг бид хаалттай байдлаар хуулийн байгууллагуудаас авсан” гэлээ.

 

 

SHARE