Амиа алдсан уурхайчидтай холбоотой хэргийн шийдвэрлэлт удаан байна гэв

Налайх дүүрэгт “Эрдэнийн хөгжил” уурхайд осол болж гурван хүн нас барж, нэг хүн хүнд гэмтсэн хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-нд гарсан юм. Хохирогчдын ар гэрийнхэн болон өмгөөлөгч Ц.Монгол нар өнөөдөр мэдээлэл хийв.

Тэдний ярьж буйгаар осол гараад хоёр сар болж буй ч хэргийн шийдвэрлэлт удаан, буруутай этгээдийг тогтоож хариуцлага тооцох ажиллагаа удаашралтай байгааг шүүмжлэв.

Уг нуралт болсон “Эрдэнийн хөгжил” уурхайг осол гарахаас өмнө дөрөвдүгээр сарын 9-нд Мэргэжлийн хяналтын байцаагчид шалгалт хийж үйл ажиллагааг нь зогсоож, лацадсан байдаг аж. Гэвч уурхайн эзэд 12-ны өдөр ажилчдаа дуудаж ажиллуулж эхэлсэн гэнэ. Хууль бусаар үйл ажиллагаа явуулсны улмаас осол гарсныг хурал зохион байгуулагчид хэлсэн.

Хохирогчдын өмгөөлөгч Ц.Монгол “Ослын дараагаар ажилтнууд цагдаагийн байгууллагад хандан, хэрэг үүсгэн шалгахыг хүссэн ч харьяалал тогтоохоор хугацаа алдах зуур хятад эзэн нь хилээр гарсан. 24 цагийн дотор харьяалал тогтоох байтал энэ хэргийн харьяаллыг тогтоох гэж Улсын Ерөнхий прокурор дээр 15 хоносон. Дөрөвдүгээр сарын 20-нд осол болсон байтал 25-нд прокурорт шилжин, тавдугаар сарын 15-ны үед харьяалал тогтоож, улсын мөрдөн байцаах газарт хэргийг шилжүүлсэн” гэв. Хохирогчид ар гэрээ тэжээдэг хүмүүс байсан байна. Ар гэрийнхэн нь уг хэргийг яаралтай шийдэж өгөхийг хүсч байв.

Эх сурвалж: news1.mn

SHARE