Феттель түрүүлж барианд орсон ч Хэмилтоныг түрүүлсэнд тооцож, маргаан дэгдэв

Формула 1-ийн Канадын Гран-При үзэгчдийн хувьд гайхшрал төрүүлэм, харин нисэгчдийн хувьд маргаан дагуулам үйл явдлаар өндөрлөлөө.

“Феррари”-гийн Себастьян Феттель барианд түрүүлж орсон ч түүнээс хоцорсон “Мерседес”-ийн Льюис Хэмилтоныг тэмцээнийг зохион явуулагчид түрүүлсэнд тооцсон юм. Хэргийн учир нь Феттель замаас гараад эргэж орохдоо тэргүүллээ алдахгүйн тул Хэмилтоны замыг зориудаар хааж, хананд шахсан гэж шүүгч нар үзснээр таван секундээр торгосон юм.

Ингэснээр Хэмилтон аман хүзүүдсэн ч гэсэн Феттелиэс таван секундээс илүү хугацаагаар хоцрохгүй л бол түрүүлсэнд тооцогдох байлаа. Түүнийгээ ч дэлхийн таван удаагийн аварга, Их Британийн тамирчин сайн гүйцэтгэж, ердөө 1.3 секунд л хоцорч барианд орсноор түрүү хүртлээ.

Барианд орсны дараагаар Себастьян Феттель 2 гэсэн самбарыг Хэмилтоны хүлгийн өмнө тавьж эгдүүцлээ илэрхийлэв.  “Юун хананд шахах вэ? Би түүнийг хараа ч үгүй шүү дээ. Тэд бидний түрүүг булаачихлаа” гэж Феттель эхлээд бухимдсан юм. Үүний дараагаар хэвлэлийн бага хурал дээр арай тайван байдлаар “Нэн тэргүүнд хэлэх зүйл бол энэ уралдаан, эндэхийн хөгжөөн дэмжигчид надад их сайхан санагдлаа. Намайг дэмжиж буй хүмүүсийг харах сайхан байлаа. Миний бодлоор бол Льюис биднээс хурдны хувьд илүү.

Харин торгуулийн тухайд бол бодлоо ойлгомжтой хэлчихсэн гэж бодож байна. Одоо хүмүүсээс бодлыг нь асуусан нь дээр байх” хэмээн өчсөн юм.

Үүний дараагаар Льюис Хэмилтон “Би нэг зүйлийг л хэлж чадна. Энэ шийдвэрийг би гаргаагүй. Тийм учраас юу болоод байгааг, яагаад хөгжөөн дэмжигчид над руу дургүйлхэж шүгэлдээд буйг ойлгохгүй байна” гэжээ.

Тэгмэгц Феттель яриаг залган авч “Тийм ээ, Льюис рүү шүгэлдээд байх юм юу байхав. Тэр өөрөө юу болсныг харлаа. Санаатайгаар ингээгүй шүү дээ. Би тухайн үед жолоогоо алдчихгүйг хичээхдээ л тэгсэн. Льюист биш ийм шийдвэр гаргасан хүмүүст дургүйцлээ илэрхийлсэн нь зөв.

Аваргын өрсөлдөөнд хэргийн учир байгаа юм биш шүү. Бид өнөөдөр түрүүлэхээр хэмжээнд уралдаж чадсан. Сайхан уралдаан боллоо. Даанч хачин төгсчихлөө. Иймэрхүү шийдвэрүүд Формула 1-ийг чимэхгүй нь лав. Хүмүүс өрсөлдөөн, уралдаан харах гэж ирдэг. Түүнийгээ харлаа, үзлээ. Гэтэл тэр баяр цэнгэлийг нь ийм инээдтэй шийдвэрээр үгүй хийх хэрэг байдаг юм болов уу” хэмээн өгүүлсэн юм.

Себастьян Феттелийн хэлснээр сэтгүүлчид бусад хүмүүс энэ талаар ямар бодолтой байгааг асуужээ.

“Мерседес”-ийн гүйцэтгэх захирал Тото Вольфф “Хэрвээ надад ийм явдал тохиолдсон бол тэр самбарыг зүгээр өшиглөөд хаячих биз. Сэтгэл хөдөлж, бухимдах нь аргагүй. Ийм шийдвэр хэзээ ч, хэнд ч эргэлзээ төрүүлнэ. “Мерседес”-ийг төлөөлж буй хүний хувьд би багаа бодож үг хэлэх нь ойлгомжтой. Феттель замаас гарчихаад эргэж орохдоо тэргүүн байраа алдахгүй гэж төрөлх зөнгөөрөө үйлдэл хийсэн. Гэхдээ тийм тохиолдолд өөр машиныг тэгтэл нь хана руу шахаж болохгүй. Гэтэл Феттель түүнийг зөрчөөд, хэтэрхий шахаж тулсан.

Хэрвээ “Феррари”-гийн хөгжөөн дэмжигч юмуу эсвэл их ширүүн энэрэлгүй уралдаанд дуртай бол танд таалагдсан байж болох юм” гэжээ.

Формула 1-ийн 1978 оны аварга Марио Андретти “Миний бодлоор бол нисэгчийг шударгаар ширүүн өрсөлдснийх нь төлөө бус харин өрсөлдөгчөө үнэхээр бодит аюулд оруулахаар зүйл хийсэн л бол торгох ёстой. Канадын Гран-Пригийн үеэр гаргасан шийдвэр бол сайхан спортын нэрийг гутаасан явдал” гэжээ.

Тэгвэл Нисэгчдийн Холбооны ерөнхийлөгч Алекс Вурц юу хэлснийг сонирхуулья. “Феттель зам дээр эргэж гарахдаа толинд харах гэхдээ тийм хөдөлгөөн хийсэн байж болох. Энэ бол тухайн нөхцөлд байж болох хөдөлгөөн. Тэр агшинд “Өө, Льюист зай үлдээсэнгүй” гэж бодно гэдэг хотын гудамжны л жирийн уралдааны үеэр төрөх бодол болов уу” гэж Вурц хэлжээ.

“Феррари”-гийн удирдлага Маттиа Бинотто болсон явдлын талаар “Себастьянд муу санаа байгаагүй ээ. Тэр уралдааны турш магнайд явлаа. Манай багт өрсөлдөх чадварыг эргүүлэн авчирсан тамирчин. Хамгийн гол нь өнөөдөр манай машин илүү хурдан байсан нь биднийг баярлууллаа” гэжээ.

Тэгвэл 1992 оны дэлхийн аварга Найжел Менселл торгуульд сэтгэл гонсгор байгаагаа нуусангүй.

“Ийм торгууль тавьж болохгүй ээ. Хана мөргөхгүй гэж жолоогоо атгаж явахад нь ингэж хорлох хэрэггүй. Зам дээр угаасаа зай байгаагүй. Феттель тэр үед яах ёстой байсан гэж? Би хувьдаа энэ уралдаанаас таашаал огт мэдэрсэнгүй. Учир нь дэлхийн хоёр аварга сайхан уралдсан атал үр дүн нь шударга биш байлаа” гэж Менселл өгүүлжээ.

Канадын Гран-Пригийн дүн:

  1. Льюис Хэмилтон («Мерседес») – 70 тойрог
  2. Себастьян Феттель («Феррари») +3,658*
  3. Шарль Леклер («Феррари») +4,696
  4. Валттери Боттас («Мерседес») +51,043
  5. Макс Ферстаппен («Ред Булл») +57,655
  6. Даниэль Риккардо («Рено») +1 тойрог
  7. Нико Хюлькенберг («Рено») +1 тойрог
  8. Пьер Гасли («Ред Булл») +1 тойрог
  9. Ланс Стролл («Рейсинг Пойнт») +1 тойрог
  10. Даниил Квят («Торо Россо») +1 тойрог
  11. Карлос Сайнс («Макларен») +1 тойрог
  12. Серхио Перес («Рейсинг Пойнт») +1 тойрог
  13. Антонио Жовинацци («Альфа Ромео») +1 тойрог
  14. Ромен Грожан («Хаас») +1 тойрог
  15. Кими Райкконен («Альфа Ромео») +1 тойрог
  16. Жорж Расселл («Уильямс») +2 тойрог
  17. Кевин Магнуссен («Хаас») +2 тойрог
  18. Роберт Кубица («Уильямс») +3 тойрог

Барианд ороогүй:

Алекс Албон («Торо Россо»), Ландо Норрис («Макларен»)

Хувийн нийлбэр дүн:

  1. Льюис Хэмилтон – 162 оноо
  2. Валттери Боттас – 133
  3. Себастьян Феттель – 100
  4. Макс Ферстаппен – 88
  5. Шарль Леклер – 72
  6. Пьер Гасли – 36
  7. Карлос Сайнс– 18
  8. Даниэль Риккардо – 16
  9. Кевин Магнуссен – 14
  10. Серхио Перес – 13
  11. Кими Райкконен – 13
  12. Ландо Норрис – 12
  13. Нико Хюлькенберг – 12
  14. Даниил Квят – 10
  15. Алекс Албон – 7
  16. Ланс Стролл – 6
  17. Ромен Грожан – 2
  18. Антонио Жовинацци – 0
  19. Жорж Расселл – 0
  20. Роберт Кубица – 0

news1.mn Р.Гэгээ

SHARE