Солонгос хөлбөмбөгчийг цом дээр гишгэлээ гэж багийнх нь амжилтыг хүчингүйд тооцжээ

Хятадын Чэндүд болсон Panda Cup тэмцээний аваргаар Өмнөд Солонгосын 18 хүртэлх насны шигшээгийн багийнхан тодорчээ. Гэвч ёс бус үйлдэл гаргасан гэсэн үндэслэлээр тэдний амжилтыг хүчингүйд, тооцож цомыг хураахаар болсон байна.

Өмнөд Солонгосын шигшээ багийн нэгэн тамирчин тэмцээний аваргын цом дээр гишгэн зураг авахуулсан нь олон нийтийн сүлжээгээр тарж, хүмүүс ихэд эгдүүцэн бухимджээ. Төд удалгүй тэмцээнийг зохион явуулагчид тэрхүү үйлдлийг дэндүү бүдүүлэг, доромжилсон явдал хэмээн үзэж буйгаа зарлаад, тэмцээний бүх шагналыг нь хурааж, амжилтыг нь хүчингүйд тооцсноо зарлажээ.

Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн Холбооноос болсон явдалд албан ёсоор уучлалт гуйсан албан бичиг илгээсний зэрэгцээ 18 хүртэлх насны шигшээ багийнхныхаа уучлалт гуйж буй бичлэгийг олон нийтэд харуулжээ. Бичлэг дээр шигшээ багийн бүх залуус зогсож, цом дээр гишгэсэн хөлбөмбөгч урд нь гарч уучлалт гуйсан байна.

News1.mn Р.Гэгээ

 

 

SHARE