Сарри: Энэ ялалтаа “Наполи”-гийн фанатуудад зориулья!

Европа лигийн финалд “Арсенал”-ыг 4:1-ээр хожсноор “Челси” аваргын цомыг гардлаа. Тус тоглолтын дараагаар итали мэргэжилтэн Маурицио Сарри ийн өгүүлжээ.

“Бид Европа лигийн 15 тоглолтын 12-д нь ялалт байгууллаа. Мөн бусад багуудаас олон гоол орууллаа. Финалд хүчтэй өрсөлдөгчөө 4:1-ээр хожлоо. Энэ ялалтаа би “Наполи”-гийн фанатуудад зориулья. Учир нь би тэдэнд ийм сайхан баяр бэлэглэж чадаагүй юм. Мөн финалд гэмтлийн улмаас оролцож чадаагүй хөлбөмбөгчдөд энэ цомыг зориулж байна.

Би үнэхээр жаргалтай байна. Клубын хувьд энэ цом их чухал. Цом авахаар ч хэмжээнд байж чадсан. Нэг, хоёрдугаар сард бидэнд хүндрэл бэрхшээл учирсан. Премьер лигт ер нь өрсөлдөөн их хэцүү шүү дээ. Гэлээ ч бид Аваргуудын лигт орох эрхээ авчихсан. “Манчестер Сити”-д 0:6-аар хожигдсны дараагаар бид зарим нэг зүйлээ өөрчилсөн юм.

Өнөөдөр би тоглогчдоо зоригтой байхыг шаардсан. Хожигдох аюул байлаа ч гэсэн зоригтой л тогло гэсэн.

Өөрийнхөө ирээдүйн тухайд бол би эхлээд “Челси”-гийн төлөө цаашид юу хийж чадах вэ, мөн клуб миний төлөө юу хийх боломжтой вэ гэдгийг ярилцаж ойлгох ёстой. Би Премьер лигт хайртай. “Челси”-д ирсэн минь азтай хэрэг. Одоо улирал дуусч, ширээний ард сууж ирээдүйд яахаа ярилцах цаг ирлээ. Миний бодлоор бол би “Челси”-д үлдэхээр хэмжээний ажил хийсэн. Гэхдээ ганц миний бодлоор шийдэхгүй шүү дээ” хэмээн Сарри өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE