Игуаин Давид Луис хоёр муудалцаж, Сарри малгайгаа шидлэн бэлтгэлээс гарч одов

Өнөө шөнө Улаанбаатарын цагаар 03:00-д Европа лигийн финалын “Арсенал”-“Челси”-гийн тоглолттой. Энэ улирлыг цомтой дуусгах боломжийн төлөө хоёр баг хүчээ шавхан тоглох нь тодорхой. Ялангуяа “Арсенал”-ын хувьд Европа лигийн аваргын цомыг гардаж байж л дараа улирлын Аваргуудын лигийн эрхийг авах боломжтой юм.

Өчигдөр хоёр баг нээлттэй бэлтгэл хийжээ. “Челси”-гийн бэлтгэлийн үеэр нэгэн үйл явдал болсон нь хэвлэлүүдийн хараанд өртлөө. Хоёр тал болж бэлтгэл хийх үеэр Давид Луисийг Игуаин ширүүхэн түлхчихэж. Үүнд бразил залуу уурлаж, дараа нь Игуаин учраа ололцох гэсэн үү хэдэн үг хэлсэн ч Давид Луис хүлээж авсангүй.

Үүний дараагаар Маурицио Сарри бэлтгэлийг зогсоон, ахлагч Аспиликуэта болон Давид Луистай үг солилцоод бэлтгэлийг дуусган гарчээ. Гэхдээ гарахдаа зүгээр нэг алхчихсангүй. Малгайгаа чулуудаж, дараа нь буцаан газраас аваад дахиад шидэж өшиглөчихөөд орж оджээ.

Хэвлэлүүд болсон явдлыг хоёр тоглогч нь чухал тоглолтын өмнө муудалцаж багийн уур амьсгалыг эвдсэнтэй холбон тайлбарлаж буй бол “Челси”-гээс өөр тайлбар хийлээ.

“Нээлттэй бэлтгэл байсан тул сүүлийн 15 минутыг стандартын бэлтгэлд зориулах боломжгүй болсонд Сарри эгдүүцэж бухимдсан” гэж “Челси”-гээс мэдэгдсэн байна.

News1.mn Р.Гэгээ

SHARE