Олон улсын парламентын холбооноос С.Зориг, Г.Батхүү нар амиа алдсан хэргийг шалгахаар болжээ

Улаанбаатар хотноо Олон улсын Парламентын холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган Төрийн ордонд үргэлжилж байна. Энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат болон УИХ-ын гишүүд Олон Улсын Парламентын холбооны тэргүүн Габриела Күвас Барронтай албан уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр Төр нийгмийн зүтгэлтэн Ардчилсан намын Дэд дарга Г.Батхүү агсаны учир битүүлгээр амиа алдсан хэрэгтэй холбогдуулан Олон улсын парламентын холбоонд хүсэлт хүргүүлсэн юм.

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат уулзалтын үеэр хэлэхдээ “Уг асуудлыг Улс төртэй холбож, буруу шийдвэрт хүрэх вий хэмээн болгоомжлон, бид хүсэлт гаргаж байна. Мөн Г.Батхүү агсаны гэр бүлийнхэн тус хэрэгт анхаарал хандуулан ажиллах хүсэлтийг бидэнд тавьсан. Иймээс Олон Улсын Парламентын холбооны тэргүүн манай улсад ажиллаж байгаа нь цаг хугацааны хувьд таарч байгаа тул өөрийн биеэр хүсэлтээ албан ёсоор өгч байна” гэв.

Түүнээс гадна С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулсан мэдээлэл, санал хүсэлтийн талаар тус холбоонд манай улсын талаас хандаж байсан. Тиймээс С.Зориг, Г.Батхүү нарын улс төрийн зүтгэлтнүүд амиа алдсан хэргийг тусгайлан хянах ажлын хэсэг ирэх долоо хоногт ирэхээр болжээ.

Жижиг буурай улс орны улс төрийн зүтгэлтнүүд учир битүүлгээр амь насаа алдах тохиолдол олон байдаг юм байна. Олон улсын парламентын холбооноос тэдгээр улсуудад зөвлөгөө, дэмжлэгийг үзүүлэх үүрэгтэй ажээ.

Эх сурвалж: news1.mn Г.НЯМ

 

SHARE