С.Эрдэнэ: Хэнтийн 17000 сонгогчийн эрх ашгийг Цэц уландаа гишгэчихлээ

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг чөлөөлсөн нь Үндсэн хууль зөрчөөгүй, сонгуулийн тов зарлах тухай УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн юм. Үүнтэй холбоотой дөнгөж сая Ардчилсан намын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийв.

Тэрээр “Үндсэн хуулийн цэц ийм шийдвэр гаргах нь ойлгомжтой байсан. УИХ энэ асуудлыг хүлээж авсан ч эс хүлээж авсан ч энэ сонгууль болохгүй юм байна гэсэн ойлголттой байна. Хүлээж авлаа гэхэд шууд сонгууль явуулах боломжгүй болно гэсэн үг. Хүлээж авахгүй байлаа гэхэд нэгэнт дунд суудлаараа шийдвэр гаргачихсан Цэц их суудлаараа баталгаажуулах нь мэдээж. Тэгэхээр аль ч тохиолдолд сонгууль явагдахгүй нөхцөл байдал үүсчихлээ гэж харж байна. Өнөөдөр эрх баригч намын хийж байгаа үйлдэл үнэхээр ичгүүртэй, хариуцлагагүй үйлдэл болж байна. Цэцийн дүгнэлт дээр нийтэд ойлгомжгүй маш олон тайлбар хийсэн. УИХ-ын гишүүн бол зөвхөн сонгогдсон тойргоо төлөөлөх биш бүх ард түмний элч төлөөлөгч байна гэсэн үндэслэлээр одоо байгаа 75 гишүүн бол бүх ард түмний төлөөллийг бүрэн хангах боломжтой гэсэн үндэслэлийг дахин дахин хэлээд байна. Хэнтий аймгийн 17000 сонгогчийн эрх ашгийг үндсэн хуулийн Цэц гишгэчихлээ. Үндсэн хуулийн цэц үндсэн хуулийн манаанд зогсох үүргээ умартаад олонх болсон улс төрийн хүчний захиалга гүйцэтгэдэг байгуулага болжээ гэдгээ ил тод харууллаа” гэв.

Эх сурвалж: news1.mn

SHARE