Домогт бөх Иван Поддубныйгийн их амжилт ба эмгэнэлт төгсгөл

Цаглашгүй хүчит аварга цагаан хоолтон байлаа

Манай бөхчүүд бяр оруулна хэмээн адууны махандаа их шимтдэг. За тэгээд гурилтай шөлөнд аарц хийж идэх ч юм уу хааяахан бага малын мах юм уу хориотой ангаар ходоодоо мялаах нь бий. Харин бөхчүүд дунд цагаан хоолтон байдаг гэж нэг л сонсоогүй. Гэтэл хүч бяраараа гайхуулж, цагтаа цалгиж явсан алдарт бөх Иван Поддубный цагаан хоолтон байжээ. Бясалгал хийх нэрийдлээр хэдхэн хоног махнаас гарсан хэрэг биш бүр бүх насаараа махнаас ангид явсан нь сонин. Бид бяр тэнхээ муутай нэгнээ “өвс идэж, ус уусан юм шиг” хэмээн үглэдэг. Тэгвэл Поддубный үнэхээр өвс идэж явжээ. Гэхдээ түүн шиг тэнхээтэй хүн байхгүй л байж.

Хөдөө тосгонд өссөн жинхэнэ орос нэртэй Иван Поддубныйгийн тухай үлгэр домог мэт яриа өдийг хүртэл амнаас ам дамжин яригдсаар байдаг. Лоомоор галстук зангидсан гэх юм уу, гурван хүний хөндийрүүлж ч дийлээгүй чулууг өргөөд шидсэн гэх мэт өвөрмөц жигтэй түүх түүний нэртэй холбоотой.

Дархан аварга А.Сүхбат аваргыг заан цолтойд нь хүчний бэлтгэлийн дасгалжуулагч Сүхээ багш “Лоомоор галстук зангиддаг болгоно” хэмээн системтэй чамбай бэлтгэснээр “жижиг” хэмээх тодотголоо орхиж, аварга болтлоо хүч тамир нь нэмэгдсэн ч гэх яриа байдаг. Тэгвэл энэхүү лоомны тухай ярианы эх эзэн нь Поддубный билээ.

Ахиллесийн хүчийг агуулсан ачигч

Иван 1871 оны есдүгээр сарын 26-ны өдөр мэндэлжээ. Манай их аварга Асашёорюү ч энэ өдөр мэндэлснийг та андахгүй биз.

Красенивка хэмээх тосгон түүний унасан газар. Ядуу тариачны хүү Иван багаасаа хар ажилд тун сайн байж. “Бяр байхад тархиар яахав дээ” гэж тэр үед хөдөө тосгоныхон хэлцдэг байлаа. Үнэхээр Иван хүү гойд ухаалаг биш ч гэсэн гарын бүлээрээ амьдралаа залгуулна. Тэр боомтод ачигчаар ажиллана. Гурван хүний хөдөлгөмөөргүй ачааг үүрээд явчихдаг энэ залууг хавь ойрынхон нь ойгүй бяртай гэж шагших болжээ. 21 жил төрөлх тосгондоо амьдарсны дараа тэр явуулын цирк даган замд гарчээ.

Тухайн үед явуулын циркт хүчний үзүүлбэр ихэд шагшигдан магтагддаг байж. Иван явуулын циркт шалгуултал яалт ч үгүй түүнээс илүү хүчтэн гарсангүй. Ингээд циркийн жүжигчин болчих нь тэр. Тэр насаараа л циркээ орхиогүй. Циркт байхад нь шинэхэн хөгжиж буй франц бөх буюу одоогийн сонгомол барилдааны дасгалжуулагчид олж хараад ихэд олзуурхсан байна.

Бөх бол хад чулуу хамаагүй өргөхөөс өөр гэдгийг дасгалжуулагчид мэдэж байсан ч хамгийн гол нь Иванд бөхийн нарийн мэдрэмж, мятрашгүй их тэвчээр заяажээ. Киев хотноо байгуулсан хүчитнүүдийн дугуйланд тэр байнга явах боллоо.

Түүний тухай багш нь “Тэр гэнэтийн тэсэрсэн хүч гаргаж чаддаг. Барилдааны төгсгөлийг маш ухаалаг хийдэг. Бас чамгүй жүжиглэх авьяастай залуу байлаа. Тиймээс ч үзэгчдэд их таалагддаг. Хамгийн гол нь түүнд домогт Ахиллесийн эрч хүч байгаа юм шиг санагддагсан” хэмээн ярьжээ.

 Аваргын алдар ба алуурчдын бай

Хүчтэй, барилдааны мэдрэмжтэй Иван төдхөн мэргэжлийн бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Орос улсыг төлөөлөн оролцох боллоо. Хэдийгээр одоо цагт 1903 онд болсон энэ тэмцээнийг дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хэмээн албан ёсоор тэмдэглээгүй ч гэсэн тухайн үедээ аргагүй улс улсын шилдэг хүчитнүүд цугласан дэлхийн хэмжээний тэмцээн байлаа. 11 өрсөлдөгчөө далаар нь тавьсны дараа Рауль ле Буше хэмээх алдарт бөхөд оноогоор дийлдсэн байна. Шударга өрсөлдөөн өрнөсөн бол Иван тэгэхэд л дэлхийн аварга болчих байж. Гэвч Рауль бач хэрэглэн, биеэ тослоод талбайд гарчээ. Тосолчихсон биетэй Буше яг л загас шиг гарнаас нь мултраад мэх хийх боломж бараг олдсонгүй. Харин дараа жил нь Иван мөнөөх тэмцээнд арга бачтай Бушег өнөөх тостой нь хамт ялсан байдаг.

Гэхдээ түүнд тэмцээний аваргын алдар амар олдоогүй ээ. Поддубныйг дэлхийн аваргад тун сайн барилдаж мэдэхээр байгааг мэдэрсэн зохион байгуулагчид түрүүлсэн бөхөд 3000, үзүүрлэсэнд 1000, гуравт орвол 600, дөрөвт орсонд 400 рубль өгөхөөр амласан байснаа буцааж зөвхөн аварга болсон бөхөд л 5000 рубль өгөхөөр шагналаа өөрчиллөө. Иваныг бүгдийг нь ялаад аварга болчихно гэж бодоогүй хэрэг. Гэтэл тэр өнөөх Раулийг ялснаар харамлаад байсан шагналыг нь хамаад авчихлаа. Хойтон нь 10000 франкийн шагналыг аанай л аваргын алдартай нь хүртжээ.

“Тэр бол бөх биш. Зүгээр л уулнаас бууж ирсэн баавгай” гэх үзэл өөрчлөгдөж Иван Поддубный бөхийнхөө хувиар домог болж эхлэх нь энэ.

Хүчээрээ түрий бариад сурчихсан бөхчүүд энгийн амьдрал дээр ч “хүнд гар”-ууд байлаа. Тэд өөрсдийнх нь хүртэх ёстой шагналыг булаасан үлгэрт гардаг “тэнэг Иван” шиг орос эрийг алахаас ч буцсангүй. Бач мэх нь барагдсан Рауль Иваныг цааш нь харуулахаар хөлсний алуурчинд мөнгө төлжээ. Цөвүүн цагийг зөнгөөрөө мэдэрсэн Иван Италид аялан тоглох ажлаа хаян Африкт нэг хэсэг аюулгүй толгой хорогдохоор оджээ. Үүнээс хойш ч цөөнгүй удаа түүнийг хэн нэгэн ямар нэгэн шалтгааны улмаас энэ ертөнцөөс хүчээр үдэх гэж оролддог. Гэвч дээрэмчидтэй баруун солгойгүй найзалсан Рауль өөрөө тэднийхээ гарт үрэгдсэн юм.

Поддубный 1904 онд дэлхийн аварга болчихоод “Би харанхуй шөнөөр юмуу дэвжээний араар явж байхгүй. Учир нь намайг тэрүүгээр явбал алчихна гэдгийг мэдэж байна” хэмээн ярьж байжээ.

Бууж өгөхийг үзэж чаддаггүй бөх

Франц бөхийн ид хөгжлийн үе буюу 1904-1909 онд Иван Поддубный нэг ч ялагдал хүлээсэнгүй. Тэр жинхэнэ босоо аварга болж чадсны сацуу чамгүй их бай шагнал хүртсэн нь хоёр шуудай дүүрч байсан гэдэг. Европ болон Орос даяар нэр алдраа цуурайтуулсан аваргад сэтгүүлчид “Аваргуудын аварга” хэмээх нэр хайрлажээ.

Поддубныйг дурсахын бас нэг учир нь тэр хэзээ хэнд ч бууж өгч байгаагүй. Бууж өгсөн бөхийн хийморь гундаж, амжилт ахидаггүй гэж тэр үздэг байлаа. Тухайн цаг үед тэмцээнийг зохиогч бүр өөрийнхөө хүнийг түрүүлүүлэхийн тулд өрсөлдөгчдийг нь бууж өгөхийг шаардах явдал их байжээ. Бөхчүүд ч энэ шударга бус байдалд бүр дасчихсан. Тиймээс байсхийгээд шинэ хүн аварга болчихно. Тэмцээн болгонд л аварга төрсөөр аварга нэртэй бөхчүүд тоогоо алдахад хүрээд байсан ч Иван хэний ч өмнө өвдөг сөхрөхийг хүссэнгүй. Иван Зайкин хэмээх алдарт бөх “Тэмцээнийг зохион байгуулагчдын арганд орж, бууж өгөхгүй байх чадал зөвхөн Иван Поддубный шиг хүчирхэг бөхчүүдийн л хийж чадах алхам” гэж мэдэгдэж байжээ.

Эхнэртээ цөлмүүлсэн нь

1910 онд тэр дэвжээгээ орхиж, төрөлх Красенивкадаа эргэж иржээ. Өнөөх шуудай шуудай мөнгөөрөө тэндээ хөөрхөн тохижиж, хөлжүү нэгэн гэгдэх боллоо. Иван бичиг үсгэнд тун тааруу. Арай л гэж үг холбох бөгөөд цэгээс өөр тэмдэг хэрэглэж чаддаггүй. Бас хүмүүстэй гар барихдаа хоёр хуруугаа өгнө. Их том гартай болохоор л бусдад тааруулж тэгдэг байсан хэрэг.

Тэр гурван жилийн дотор хөрөнгө мөнгө, эдлэн газраа бараг алдчихсан тул 1913 онд эргээд дэвжээнээ гарахаар шийджээ. Тэгэхдээ аанай л хуучнаараа “Үнэхээр намайг дийлэх хүн байвал хүрээд ир” гэнэ. Түүнийг дийлэх бүү хэл хүч тэнцүү өрсөлдөгч ч олдохгүй байлаа. 1919 онд түүнийг нэгэн солиотой этгээд алахаар завдсан тул ум хумгүй зугтжээ. Үүнээс жилийн дараа согтуу цэргийн дарга мөрийг нь буудаж шархтуулав.

Мөн онд Одессын цагдаагийн газрынхан түүнийг баривчилж хилс хэрэг үүрүүлэх шахаж. Азаар хариугүй ялтан болохын даваан дээр алдарт бөх Иван Поддубный гэдгийг нь таниж суллажээ. Ингээд Иван сэтгэл амраад гэртээ иртэл эхнэр нь өөр эр дагаад арилаад өгсөн байлаа. Гэхдээ зүгээр ч яваад өгсөнгүй бүх шагнал, хөрөнгө мөнгийг нь цөлмөөд оджээ. Үүнийг хараад Иван “Ээ, сайхан Нина минь дээ!” гэж улга алдсан гэдэг. Энэ үгнээс хойш тэр нэг ч үг дуугаралгүй, хэнийг ч танихгүй мэт амьдрах болжээ…

Домгийн эмгэнэлт төгсгөл

Гэвч хүчирхэг эр хэсэг хугацааны дараа амьдралд эргэн ирлээ. Тэр Москвагийн улсын циркт ажиллах боллоо. “Америкийн аварга” гэсэн алдар хүнд ч хүртэж амжсан юм. Дараахан нь Мария Семеновнатай танилцснаар амьдрал нь дахин цэцэглэж, эрч хүчээ дахин мэдэрч эхэллээ. 1941 он буюу 70 нас шүргэтлээ тэр дэвжээнээсээ бүрэн буугаагүй л байсан гэдэг. Тийм ч учраас “Цэвэр Зөвлөлт хүний үлгэр дууриал” хэмээгдэж байжээ. Бөх судлаачдын тэмдэглэн үлдээснээс харвал Иван ид үедээ 130 кг жинтэй, 185 см өндөр, гарын булчингийн тойрог 46 см, цээжний тойрог 134 см, мөрний өргөн 70 см, хүзүүний тойрог 50 см хүрч байсан гэдэг.

Харамсалтай нь домогт бөх амьдралынхаа сүүлийн хэдэн жилийг өлсгөлөн ядуурал дунд өнгөрөөж, аварга хүний үзэх ёсгүй шаналант үхлээр өөд болсон гэдэг.

News1.mn Р.Гэгээ

SHARE