Хоккейн шинэ од 18 настай Какко ДАШТ-д зургаан гоол оруулаад байна

 

Финляндын шинэ гоц авьяастан тодотголыг хүртээд буй 18 настай Каапо Какко хоккейн ДАШТ-д одоогоор зургаан гоол оруулчихаад байна.

Ийнхүү тэрбээр ДАШТ-ий мэргэн буучдын жагсаалтыг ОХУ-ын Евгений Дадановын хамтаар тэргүүлж явна.

Каапо Какко Словакийн хаалганд хет-трик, Канадад дубль хийсэн бол Данийн хаалганд нэг гоол оруулсан юм.  Ялангуяа Канадын хаалганд оруулсан гоол нь хоккей сонирхогч болон мэргэжилтнүүдийн зүгээс маш өндөр үнэлгээ аваад амжлаа.

Одоо Финляндын шигшээ баг хэсэгтээ Их Британи болон АНУ-ын шигшээ багтай тоглолт хийх хуваарьтай.

ДАШТ-ий түүхэнд 18 насандаа хамгийн олон гоол оруулсан тамирчин бол Финляндын Патрик Лайн юм. Патрик Лайн 2016 оны ДАШТ-д долоон гоол оруулсан байдаг.

Каапо Каккогийн тухай цухас өгүүлье. 2001 оны хоёрдугаар сарын 13-нд Финляндын Турку хотноо мэндэлсэн. Энэ хот бол дэлхийн хоккейн түүхэнд алдартай тамирчид цөөнгүй бэлэглэсэн газар. Тухайлбал, Мииккү Кипрусоффыг нэрлэж болно.

Таван настайд нь түүнийг диабеттайг тогтоон, глютений харшилтай гэж оношилжээ. Глютен нь улаан буудай, арвай, хөх тарианы найрлагад их хэмжээгээр агуулагддаг. Тэгэхээр Каккогийн хувьд гурилан бүтээгдэхүүн тухайлбал, жигнэмэг, пицца, гоймон зэргийг хүнсэндээ огт хэрэглэдэггүй юм байна.

14 настайдаа ТПС-гийн 16 хүртэлх насны багт тоглож, нийт 36 оноо авчээ. Харин дараагийн улиралд гоц авьяастай хүүг 16, 18 болон бүр 20 хүртэлх насныхны багт тоглуулж туршжээ.

Ингээд 16 настайдаа ТПС-ийн нэгдүгээр багийн тоглогч болсон байна. Энэ улиралд лигтээ 50 тоглолт гарч нийт 43 оноо авчээ. Какко 188 см өндөр, 87 кг жинтэй.

NHL-ийн шинэ улирлын өмнөх драфтын аман хүзүүнд Какког бичигдэнэ гэж мэргэжилтнүүд таамаглаж байгаа гэнэ. Нэгд, америкчуудын хайртай залуу тоглогч Жек Хьюз сонгогдох бололтой. Харин түүний дараагаар мэргэжилтнүүдийн таамагласнаар драфтын хоёроор Нью-Йорк Рейнжерс”-т очих магадлал өндөр байгаа ажээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE