Роналдо: Хожихоор Мессигийн гавьяа, хожигдохоор бусдынх нь буруу байж таарахгүй

Дэлхийн аварга, Бразилын домогт довтлогч Роналдо Аваргуудын лигийн шөвгийн дөрөвт Испанийн “Барселона” хожигдсон явдлын талаар өөрийн бодлоо хэлжээ.

Английн “Ливерпүүл”-ийн талбайд 4:0-ээр бут ниргүүлснээр “Барселона” тэмцээнээс хасагдсан. Роналдо өөрөө цагтаа “Барселона”-д тоглож явсан намтартай. Харин одоо Испанийн “Вальядолид”-ын эзэн, ерөнхийлөгчийн үүргийг давхар хашиж буй билээ.

“Бүтэн багаас заримыг нь ялгаж буруутныг чичлэх гэх нь шударга бус. “Барселона” бол маш сайн баг. Энэ багт дэлхийн шилдэг хөлбөмбөгч Лионель Месси тоглож байна. Хэдэн хоногийн өмнө хэвлэлүүд бичсэн харагдсан. Мессигийн ачаар хожлоо гэж.

Гэтэл “Барселона” хожигдохоор Месси ямар ч буруугүй, зөвхөн Эрнесто Вальверде юмуу Филиппе Коутиньогийн буруу мэт ярьж байна. Харин хожихоор ганцхан Мессигийн л гавьяа мэт ярьдаг. Энэ бол багийн дасгалжуулагчдын алба болон бусад хөлбөмбөгчдийг үл хүндэтгэсэн явдал. Тиймээс шүүмжлэхдээ болгоомжтой, шударга байх хэрэгтэй” хэмээн Роналдо өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE