Китанофүжи: Шинэ эринийг яншиж эхэлмээргүй ч Кисэносато барилдвал түрүүлэхээр байна

Өнөөдөр Мэргэжлийн Сумогийн Холбооны удирдлагуудын өмнө бөхчүүд бэлтгэл барилдаан хийлээ. Ёкозүна Хакухо М.Даваажаргал гарын гэмтлийн улмаас энэ удаад бэлтгэл барилдаан хийсэнгүй.

Харин ёкозүна Какурюү М.Ананд, озэки Гоэйдо, Такакэйшо, Такаясү нар бие биентэйгээ хэд хэдэн удаа тулжээ.

Гоэйдо 9:2, Какурюү 9:3, Такакэйшо 3-8, Такаясү 5-11 гэсэн дүнтэйгээр бэлтгэл барилдаанаа дуусгасан байна. Үүний дараагаар Мэргэжлийн Сумогийн Холбооны удирдлагуудын нэг Китанофүжи ояката сэтгэл дундуур байгаагаа нуусангүй.

“Харсан үзсэндээ сэтгэл гонсгор байна. Какурюү, Гоэйдо хоёр л нүд баясгалаа. Такакэйшог би илүү сайн барилдана гэж найдсан юм. Энэ чинь өглөөний жирийн нэгэн бэлтгэл бус тусгай хорооныхны өмнөх барилдаан шүү дээ. Ийм барилдаан дээр өөрийгөө бүрэн 100 хувь дайчлах ёстой.

Шинэ эринийг яншиж эхэлмээргүй л байна. Гэвч би энд олон бөхийг маш сайн, дайчин барилдана гэж найдаж ирсэн болохоор үнэхээр сэтгэл дундуур байгаагаа нуухгүй.

Такаясү бэлтгэл дээр Араисо ояката /ёкозүна Кисэносато/-тай 20 удаа барилдаж ганцхан удаад нь давсан гэж сонслоо. Хэрвээ Кисэносато дэвжээнээ буцаад гарвал одоо түрүүлэхээр байгаа юм биш үү.

Хакухогийн тухайд бол өнөөдөр барилдаагүй ч бөхчүүдэд зааж сургаж байгаа нь тааалагдлаа. Ёкозүна энэ башёд барилдах эсэхийг би хэлж мэдэхгүй. Гэхдээ Хакухо гэмтэлтэй, зовиуртай ч гэсэн үргэлж ялалтын төлөө зүтгэдэг дайчин бөх” гэж Китанофүжи өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE