“Электорат”-ын араас “Рио Тинто” гарч ирэх вий

Д.Бат-Очир

Сонгууль ойртжээ. Сонин ч юм шиг, солиотой ч юм шиг үйл явдлууд зөндөө л болно гэсэн үг.

Эхнээсээ болж ч байна.

Эдний нэг нь өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд “Байгуулагдлаа” гэж зарласан Баабар нарын “Электорат” хөдөлгөөн юм.

Баабар энэ хөдөлгөөнийхөө талаар “Олон түмэн өнөөгийн нөхцөл байдалд нам гэхээсээ бие даасан улсуудыг илүү дэмжих хандлагатай байна. Ийм үед нэр дэвшигч тойргийн иргэдийнхээ өмнө ил тодоор, юу хийж болох, юу хийж болохгүй гэдгээ илээр амласан байх хэрэгтэй гэсэн шалгуур тогтоох сэдлээс энэхүү “Электорат” хөдөлгөөний санаа үүссэн юм. Судалгаанаас харахад шинэ, залуу үеийн, боловсролтой, соёлтой, хулгай зэлгий хийдэггүй хүнээ сонгоно гэсэн хандлага байна. Тэгвэл тэр хандлагыг дагуулан баталгаажуулсан дэмжих хүмүүс хэрэгтэй юм гэдэг үүднээс “Электорат” хөдөлгөөнийг санаачилсан хэрэг.

…”Электорат” хөдөлгөөний гишүүн болох хүмүүсийг нэлээд хэдэн зүйлийн шалгуураар сонгон санал тавихаар бид эхнээсээ тогтсон юм. Нэгдүгээрт, “Электорат” хөдөлгөөнд орсон хүмүүсийг олон түмний ихэнх нь таньж мэддэг байх ёстой. Энэ хүн биднийг буруу зам руу хөтлөхгүй биз гэсэн итгэл үнэмшил сонгогчдод төрүүлөх болов уу. Хоёрдугаарт, энэ хөдөлгөөнийхөн өөрсдөө сонгуульд нэр дэвшиж болохгүй. Чингэвэл дэндүү зөрчилтэй харагдана. Гуравдугаарт, энэ хөдөлгөөнийхөн ямар нэгэн ашиг сонирхол хөөгөөгүй, зөвхөн улс орныхоо өнөөгийн нөхцөл байдалд санаа зовсон эх оронч сэтгэлээр нэгдсэн учир сонгууль дуусмагц шууд тарж цаашид үйл ажиллагаа явуулахгүй. Дөрөвдүгээрт, энэ хөдөлгөөн өөрийнхөө нэр дэвшүүлж байгаа хүнийг дэмжинэ. Нэг үгээр өөрийнхөө нэр хүндээр дэнчин тавьж буй хэрэг” гэж ярьжээ.

Мэдээж хэрэг, сонсоход гайхалтай сайхан байна.

Энэ муу МАН, АН, МАХН,  бусад намуудыг татан буулгадаг юм уу, тараачихаад “Электорат” хөдөлгөөн буюу Баабар нарын амыг хараад сууж байвал 2020 онд Монгол Улсыг бадрангуй хөгжүүлж чадах хүмүүсийг гаргаад ирнэ гэж байна.

Уг нь энэ хөдөлгөөнийхэн Монголын олигтой гэсэн олон хүнийг цуглуулжээ. Гэвч Баабарын яриад байгаа үлгэрийг энэ хүмүүс лав амар сайханд нь жаргаахгүй.

Урлаг, соёл, спортын төлөөллүүдийг бол сайн мэдэхгүй юм. Харин улс төрийн хатуу байр суурьтай хүмүүс бол 2020 оны сонгуулийн өмнө “аавдаа загнуулаад” дагаад одох нь тов тодорхой юм. Өөрөөр хэлбэл, Баабарын яриад байгаа шиг “Нам хэрэггүй” гээд сууж чадахааргүй хүн тэнд олон байгаа харагдана лээ.

Нөгөө талаар “Электорат” хөдөлгөөний санаа лав монгол хүнээс гараагүй гэдгийг учир мэдэх хүн мөн ч олон хүн хэлж байна даа.

Харин өнөө цагт ийм нөлөөллийг хийх чадалтай, Монгол Улсын Их хурлын 2020 оны сонгуульд санаа зовох шалтгаантай харь нөхдүүд л ноён Баабараар дамжуулан “Электорат” хөдөлгөөнийг эхлүүлсэн нь бараг л харагдсан гээд байгаа юм.

Ер нь бол “Удахгүй “Электорат” хөдөлгөөний бяр чадал мэдэгдээд л ирнэ. Явж явж “Электорат”-ын араас “Рио Тинто” гарч ирэх вий” гэж  байна шүү.

Эх сурвалж: news1.mn

SHARE