Сульшер: Зарим тоглогчдыг та бүхэн сүүлчийн удаа харлаа

“Хаддерсфилд”-тэй 1:1-ээр тэнцснээр “Манчестер Юнайтед” Премьер лигийн дөрөвдүгээр байрт орох онолын боломжоо алдаж, ирэх улиралд Аваргуудын лигт бус Европа лигт тоглохоор боллоо.

Оле Гуннар Сульшер энэ зун багтаа их цэвэрлэгээ хийхээр зэхэж буй тухайгаа бараг сарын өмнө мэдэгдсэн. Гэвч нэг наймааны цонхоор сольё гэсэн бүх тоглогчдоо өөрчилж, шинэчилж чадахгүй нь ойлгомжтой. Иймээс энэ зундаа 4-5 шинэ тоглогч л авбал дээд хязгаар гэж хэлж болох биз ээ.

“Хаддерсфилд”-тэй хийсэн тоглолтын дараагаар Оле Гуннар Сульшер зарим тоглогчдыг “Юнайтед”-ын өмсгөлтэй сүүлчийн удаа харсныг нотолжээ.

“Яг одоогоор би тоглогчдын нэр цохож ярьж чадахгүй нь. Гэвч та бүхэн өнөөдөр зарим тоглогчийг сүүлчийн удаа харсан гэдэг нь бол эргэлзээгүй. Хөлбөмбөгчид намайг хөөдлөө гэж би хэлэхгүй. Учир нь бид нэг баг. Чадахаараа хөдөлмөрлөж байна. Гэвч энэ баг их ядарч цуцжээ.

Бид Аваргуудын лигийн эрхийг авахаар байранд очсон ч гэсэн эцэстээ түүнийгээ алдлаа. Гуравдугаар байрт ч орох их боломж гарлаа. Гэвч алдчихлаа.

Үнэнээ хэлэхэд, бид байх ёстой байрандаа л орлоо. Тоо хэзээ ч худлаа хэлдэггүй юм. Бид мөрөөдлийн юмуу төсөөллийн ертөнцөд амьдардаггүй. Үнэндээ бид эхний дөрөвт орохоор хэмжээнд байсангүй. Өнөөдөр манай залуус илүү сайн тоглох байх гэж найдсан ч мөн л тэгсэнгүй” хэмээн Сульшер өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE