Ардын намыг “алах” С.Амарсайханы баг

Д.Бат-Очир

Сонгууль хаяанд ирлээ.

Том, жижиг намууд “амьсгаадаж” эхэлж байна. Томуудынх нь ааш зан зөөлөрч, эргэж хардаг, утсаа авдаг боллоо. Жижгүүд нь том намуудаа бараадан гүйлдэж эхэллээ.

Угаасаа сонгууль дөхөхөөр ийм л байдаг.

Энэ сацуу эрх баригч Ардын намын зодоон арай гэж намжив. Гэвч морин дээрээс “хувьсгал” хийсэн нөхдүүд мориноосоо буугаад төрийг төвхнүүлэх гэж зүдэрч байх шиг байна.

Тод жишээ нь Хотын удирдлагуудын асуудал байна.

Өглөө босоод ирэхэд л Хотын дарга С.Амарсайхан, тэгээд орлогч нартай нь холбоотой олон юм дуулддаг боллоо.

Сүүлдээ Хотын дарга нарын онигоо “хорин оны сонгууль”-ийн чимэг болж магадгүй ч болж байх шиг…

Ц.Элбэгдорж Х.Баттулгыг “Боловсон хүчний нөөц байхгүй. Хулгайч нарын л нөөц бий” гэж дээрэлхэж байсан юм.

Гэтэл хоёр жилийн дараа 100 жилийн ойгоо тэмдэглэх Ардын нам үнэхээр боловсон хүчний нөөцгүй болчихжээ. Гайхмаар биз?

Хотын дарга С.Амарсайхан гэж “нэг нэр, хоёр хочтой” нөхөр бий. Хувийн компанитай нь холбоотой таагүй мэдээлэл нь бараг ном болно.

Хотын дарга болох гэж их “зовлон” үзсэн дээ, энэ хүн. Нэрээ дэвшүүлдэг, нам нь зүтгүүлдэг, санал хураалтад ордог, унадаг, дахиулдаг. Тэгж байж нэг юм хүчээр баталгаажуулдаг.

НИТХ-ын дарга, Хотын дарга болсон зам нь яг адилхан.

Тэгэхээр Хотын дарга болчихоор хочгүй хүн Ардын намд олдоогүй бололтой.

Орлогч нар нь гэж бас баларсан нөхдүүд байдаг аж.

Албан ёсны хоёр орлогч нь өмнө ажиллаж байсан хоёр хүн бий.

Ш.Анхмаа гэж бүсгүй “Ажиллаад байна” гээд л цахим сүлжээгээр мэдээгээр нүддэг. Цаг үе нь ийм болохоор түүний буруу гэж юу байхав.

Ж.Батбаясгалан гэж Су.Батболдоос хойш Хотын даргыг орлож ирсэн залуу байдаг. Т.Бадамжунайн цүнхийг барьдаг байсан гэж л баалуулдаг байв. Тэрний буруу гэж юу байхав. Ардын намаар дүүрэн урваачид шарваачид гүйж байхад энэ юу ч биш.

Харин төсөл хариуцсан дөрвөн нөхрийг орлогчийн зиндаатай гэж танилцуулаад томилсон байна.

Сү.Батболдын М.Халиунбат, Д.Сумъяабазарын О.Мөнгөншагай, С.Амарсайханы Ц.Отгонсүх, Д.Амарбаясгалангийн Д.Мөнхжаргал гэгддэг нөхдүүд Хотын орлогчийн зиндаатай албанд очжээ.

Албан болоод албан бус орлогч нар “паактлаад” эхэлж л байна.

Тэдний паакт уур биш инээд, эмгэнэл хоёрыг зэрэг хүргэж байгаа юм.

Ж.Батбаясгалан Хотын захиргаан дотор нэг өрөөг “нойл” болгоод авчихсан юм уу даа.

Бас тэр Д.Мөнхжаргал гэж эмэгтэй айлуудын шатаж байгаа байшин дээр очиж “сээлпий” хийгээд хотын иргэдийг уурлуулж байна гэж жигтэйхэн.

Энэ мэт шальдир бульдир “паакт” бүгдэд нь бий.

Балай юм бичиж цаг, цаас үрээд яахав.

Хамгийн гол нь иймэрхүү нөхдүүдээр хотыг удирдуулсан Ардын нам “Хорин оны сонгууль”-д ямар дүн үзүүлэх бол?

Ардын намын өмнөөс санаа зовсонгүй. Ардын намын томилолтоор хотыг удирдахаар очоод, удалгүй самарч мэдэх нөхдийг хараад тэсэлгүй хэлж байгаа юм.

Хот бол их айл. Төсөв хөрөнгө арвинтай. Чонын хүзүүнээс мах зүүчихэж байгаа юм биш гэж  иргэн хүний хувьд зовж байгаа юм.

Аз жаргалтай хот энэ тэр гэж иргэд бид мөрөөдөөд хэрэггүй болсон. Харин энэ хотын төсөв хөрөнгийг, газар нутгийг багахан будилуулаад “Хорин оны сонгууль”-ийн дараа хүлээлгэж өгөхөд нам, засаг нь анхаарах хэрэгтэй. Иргэд бид ч хяналтаа тавья.

С.Амарсайхан тэргүүтэй Ардын намын төлөөлөгчид хотыг хөгжүүлэх талаар гавьтай ажил хийхгүй нь гэдгийг хоёрхон жишээнээс харлаа.

2019 оны 4 сарын 16-нд Төв цэвэрлэх байгууламжид дөрвөн ажилтан осолдож нас барлаа. Гуч гаруйхан настай дөрвийн дөрвөн залуу шүү дээ. Хууль хяналтын байгууллагын дүгнэлтийг харна гэж хотын удирдлагууд хэлж байна. Хариуцлага хүлээнэ гэж огт ярьсангүй.

Бас Яармагт баригдаж байгаа Хотын захиргааны шинэ цогцолбор гэж бөөн будилаан хутгасан асар өндөр, олон тэрбумын хөрөнгө гарч байгаа төсөл бий. Шийдвэр гараагүй байхад барилгын ажил нь эхэлчихсэн том луйвар тэнд явагдаж байгаа. Т.Бадамжунайгийн хүргэн Э.Анар НЕТГ-ын дарга байхдаа гол ажлыг “нугалихаад” яваад өгсөн.

С.Амарсайханаас яг одоо харж байгаа энэ хоёр том асуудал байна. Өөр зөндөө л гарч ирнэ. Гэвч эдгээрийг шударга талд нь шийдэж чадахгүй тал руугаа орчихлоо. Тэдэнд найдах хэрэггүй нь гэсэн үг.

Тиймээс С.Амарсайханы баг 2020 оны сонгуульд Ардын намыг “алах” нь тодорхой болчихож байна.

Эх сурвалж: news1.mn

SHARE