Засаг төрийн заримдаг үйлдлүүд

Одонтой ээжүүдийн мөнгө улсын төсөвт дарамт болж байна гэж хэвлэлээр хээв нэг ярьчихаад маргааш нь түүнийгээ үгүйсгээд байгаа залууг яах вэ. Ядаж байхад төрийн албан хаагч, бүр яамны Төрийн нарийн бичгийн даргын албыг хашдаг нэгэн.

Нөгөө нь бусдын эд хөрөнгө шатаж байхад өмнө нь өөрийгөө гайхуулсан зургаа аваад нийгмийн сүлжээнд тавьчихаад “Үйл явдлыг баримтжуулж авсан юм. Манай ажилтнууд зураг аваад сүлжээнд тавьчихаж” гээд авцалдаагүй тайлбар хийдэг Хотын даргын орлогч эмэгтэйг хэрхэх вэ.

Засаг төрд заримдаг хүмүүс ажилладаг болсны тод жишээ энэ буюу.

Гэтэл засаг төр нь өөрөө ч заримдаг үйлдэл гаргаж байгаа бас нэг жишээ “тэмдэглэлт” энэ өдөр давхцав.

Ус бол стратегийн гол бүтээгдэхүүн. Усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх ажил нь Монгол Улсын тусгаар тогтнолтой эн тэнцэнэ. Тиймээс ус бохирдуулагч бүр төлбөр төлөх үүрэгтэй. Тэр төлбөрийг нь усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэхэд зарцуулна. Энгийн л логик байгаа биз.

УИХ-аар 2012 онд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг батлан гаргасан байдаг. Усыг хамгийн ихээр хэрэглэдэг, бохирдуулдаг уул уурхай, үйлдвэрлэлийн салбарын хөгжил эрчээ авч эхэлсэн тэр үед яг тохирсон хууль байв. Гэтэл өнөөдөр хүртэл энэ хуулийг хэрэгжүүлээгүй. Хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам дагалдах журмыг нь боловсруулж батлуулах үүргээ биелүүлээгүй. Тус хуулийг хэрэгжүүлээгүйгээс болж улсын төсөвт 54 тэрбум төгрөгийн хохирол учирсныг байгаль орчны иргэний нийгмийн байгууллагууд тогтоогоод шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

“Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” ТББ-аас хуулийг хэрэгжүүлээгүй Засгийн газрын эс үйлдэхүйг тогтоолгож, хууль хэрэгжүүлэхийг даалгах нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд гаргаад байсан юм. Анхан шатны шүүх хурал болж төрийн бус байгууллагын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлээд байв. Гэтэл өнөөдөр хариуцагч БОАЖЯ-ны гомдлоор товлогдсон давж заалдах шатны шүүх хурал болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоодохжээ.

Шүүх хуралтай давхцсан бас нэгэн үйл явдал Төрийн ордонд болж байна. 2012 онд батлаад нэг ч өдөр хэрэгжүүлж үзээгүй Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр товложээ. Нэг ч өдөр хэрэгжүүлж үзээгүй хуулийг “Ус бохирдуулагч аж ахуйн нэгжид татварын дарамт үүсэх эрсдэлтэй. Тиймээс тэдний төлбөрийг 50-60 хувь бууруулах нь зөв. Харин эсрэгээр нь малчид тариаланчид ус бохирдуулагч. Тэдний тариалангийн га талбай, малын хөлийн тоогоор төлбөр нь авъя” гэсэн нэмэлт өөрчлөлтийг хийгээд УИХ-ын чуулганаар батлуулахыг санаархаж байна.

УИХ нь ч, шүүх засаглал нь ч ийм заримдаг үйлдэл гаргаж байгааг юу гэж ойлгох вэ. Хуулийг практикт хэрэгжүүлж үзээгүй хэрнээ аж ахуйн нэгжүүдэд дарамт болно гэсэн үндэслэлийг заримдаг хүмүүс л гаргаж таарна. Тэгээд ч аж ахуйн нэгжүүдийн татварын дарамтаас усны үнэ цэнэ нэгдүгээрт байх учиртай.

Хуулийг хэрэгжүүл гээд баталсныг хэрэгжүүлээгүй эс үйлдлийг зөв гээд шийддэг хуулийн гаргалгаа хаана байна вэ. Ядаж л ийм шийдвэр гаргаж байгаа шүүгчид монгол газар шороон дээр, усыг нь уугаад амьдардаг байгаа даа.

Ямартаа ч ус бохирдуулагчдын толгойг илж төлбөрийг нь тал хувиар бууруулсан Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг дэмжихгүй байхыг шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаль орчны иргэний нийгмийн байгууллага, иргэд сонгогчид УИХ-ын гишүүдээс шаардсаар байна.

Өмнө нь баталсан бэлэн хууль байхад түүнийгээ хэрэгжүүлж үзээд дараагийн арга хэмжээг авах нь зүйтэй юм.

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

SHARE